Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын төрөлтийн түвшин тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаач хяналтгүй жирэмслэлт, үр хөндөлт цаашлаад бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Тухайлбал 2016-2025 оны хооронд бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварын дунджаар 15 хувийг нь 10-19 насныхны өвчлөл эзэлж байгаа юм. Иймд өсвөр насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нэн шаардлагатайг мэргэжилтнүүд онцоллоо.
Дэлхий дахинд өсвөр насны охидын төрөлтийн түвшин 2000 онд 64.5 байсан бол 2023 онд 41.3 болж буурсан. Гэсэн ч бүс нутаг тус бүрээр харилцан ялгаатай байгаа юм. Тухайлбал Африкийн бүсэд хамгийн өндөр буюу 2023 онд 1000 охидод 98 орчим төрөлт байна. Харин манай улсын хувьд 2015 онд төрсөн нийт эхчүүдийн 5.5 хувийг өсвөр насны охид эзэлж байсан бол 2024 онд 3.4 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр буурсан үзүүлэлттэй байгаа боловч бүс нутгийн хэмжээнд өндөр байгаа гэдгийг мэргэжилтэн хэллээ. Түүнчлэн төрөлт буурч байгаа ч цаад талдаа хяналтгүй жирэмслэлт, үр хөндөлтийн асуудал анхаарал татаж байна. Тухайлбал улсын хэмжээнд 20 хүртэлх насны охидын үр хөндөлт 2015 онд 5.1 хувь байсан бол 2024 онд 4.5 хувь болжээ. Гэсэн ч уг тоо нь зөвхөн холбогдох байгууллагад бүртгэгдсэн мэдээлэл бөгөөд мэргэжлийн тусламж, үйлчилгээ авч чадаагүйгээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч байгаа охидын тоо хэд ч байж болох юм байна. Үүгээр зогсохгүй өсвөр насныхны бэлгийн замаар дамжих халдвараар өвчилж буй тохиолдол тогтмол бүртгэгдсээр байгаа юм. Тодруулбал улсын хэмжээнд сүүлийн 10 жилд бүртгэгдсэн бэлгийн замын халдварын 14.5-16.4 хувь нь 10-19 насныхны өвчлөл байна. Ингэхдээ тэмбүү, заг хүйтэн, трихомониаз зэрэг нь түгээмэл тохиолджээ.
Өсвөр насны хүүхдүүдийн төрөлт, хяналтгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар зэрэг нь бэлгийн бойжилт эрт явагдаж байгаатай холбоотой байна. Тодруулбал дэлхий дахинд бэлгийн харьцаанд орсон хамгийн бага нас 16 байгаа бол хамгийн их нас нь 22 байгаа юм. Харин манай улсын хувьд 4 жилийн өмнөх судалгаагаар 17 нас гэж тогтоогдож байжээ. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг мэргэжилтэн хэллээ.
Иймд улсын хэмжээнд өсвөр насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Ингэхдээ боловсролын орчинд энэ чиглэлийн сургалт, хөтөлбөрүүдийг төрөлжүүлэх хэрэгтэйгээс гадна эцэг эх, асран хамгаалагч нар үүрэг, хариуцлагаа илүү ухамсарлах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.