Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нэг бүрийг нь 300 сая төгрөгөөр үнэлж, буулгахаар болжээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгууд хоёр байршилд байдаг байна. Иймд эдгээр хоёр байршил дахь нийт 10 барилгыг буулгаж нураахаар болжээ. Төслийн хүрээнд барилгуудыг буулгах зардлыг нийслэл хариуцахаар шийдвэрлэж, нэг барилгыг 300 сая төгрөгөөр үнэлэн буулгахаар болсон байна. Гэвч иргэдийн зүгээс нэг барилгад ногдох энэ хэмжээний зардлыг хэт өндөр гэж үзэж байна.

Төслийн нэгдүгээр байршил болох Энхжингийн 7-д 1.6 га талбайг хамарсан, 219 айлын долоон барилга байрладаг байна. Харин хоёр дахь байршил болох 32 дугаар байранд 42 айл амьдарч байна. Уг 32 дугаар байр нь дулааны станцын хамгаалалтын зурваст баригдсан бөгөөд ундны усны эрүүл ахуйн бүсэд мөн хамаардаг байна. Иймээс дээрх нийт 10 барилгыг буулгах шаардлага үүссэн бөгөөд уг зардлыг нийслэлээс гаргахаар төлөвлөжээ. Нэг барилгыг 300 сая төгрөгөөр үнэлж, 10 барилгыг буулгахад нийт 3 тэрбум төгрөг төсөвлөхөөр тооцоолсон байна.

Баригдсан барилгыг нураахад тодорхой үнэ ханш тогтоох нь хүндрэлтэй байдаг.  Учир нь тухайн барилгын материал, хийц, гарч буй хог хаягдлын хэмжээ зэргээс ихээхэн шалтгаалдаг байна. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг барилга нураалтын аж ахуйн нэгжүүдийн дундаж үнэ ханш нь 1 м.кв талбайг 60 мянгаас 100 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг аж. Үүнийг дундажлан 1 м.кв-ийг 70 мянган төгрөгөөр тооцоход, нэг давхар барилгыг нураах зардал ойролцоогоор 40 гаруй сая төгрөг болж байна. Харин дээрх төслийн хүрээнд нэг барилгыг 300 сая төгрөгөөр тооцсон нь хэт өндөр үнэлгээ болсон гэж барилга нураалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл үзэж байна

Нураахаар төлөвлөсөн 10 барилгын 3 нь нэг давхар барилга бол үлдсэн 7 нь дөрвөн орцтой, 48 айлын орон сууцны барилга байгууламж байна. Хуучны барилгыг буулгахад дунджаар 250–300 сая төгрөгийн зардал гардаг бөгөөд буулгалтын өртөг өндөр байдаг тул сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж олдохгүй байна гэж Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа нийтэлжээ. Харин иргэдийн зүгээс тухайн барилга нураалтад зориулсан төсөв хэт өндөр байна хэмээн шүүмжилж байна.

Нийт 10 барилгыг буулгахад 3 тэрбум төгрөг төсөвлөсөн нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн тендерт шалгарсан компани, аж ахуйн нэгжүүд ажлыг дамлан гүйцэтгүүлж, дундаас нь ашиг хүртдэг нь нууц биш гэдгийг ч иргэд онцолж байна.