Дотоодын эрчим хүчний нөөц бололцоо нь сайжирч байгаатай холбогдуулан Казахстан улс 2027 он гэхэд ОХУ-ын цахилгааны импортыг бүрэн зогсоож, эрчим хүчний бие даасан байдлаа дангаараа хангахаар төлөвлөж байна. Тус улсын эрчим хүчний хомсдол 2024 онд 2.1 тэрбум киловатт/цаг байсан бол 2025 онд 1.5 тэрбум киловатт цаг болж буурсан бөгөөд 2027 он гэхэд энэ зөрүүг тэглэхээр ажиллаж байгаа юм байна.
Алс дорнодын бүс нутаг дахь цахилгаан эрчим хүчний хомсдол болон төв азийн орнуудын эрчим хүчний салбарт БНХАУ хөрөнгө оруулж эхэлсэнтэй холбогдуулан ОХУ-ын цахилгаан эрчим хүчний экспортын хэмжээ буурч, орлого нь хумигдсан юм. Харин энэ хүнд хэцүү цаг үед Казахстан улс эрчим хүчний бие даасан байдлаа хангахыг эрмэлзэж, ОХУ-ын цахилгааны нийлүүлэлтийг зогсоох гэж байна.
Казахстаны эрчим хүчний дэд сайд Есимханов "Хэрэв бид энэ оны сүүл эсвэл ирэх оны эхээр төлөвлөгөөт бүх эрчим хүчний байгууламжаа ашиглалтад оруулбал 2027 оноос ОХУ-аас цахилгаан худалдаж авахгүй” гэж Тасс агентлагт ярьсан байна. Казахстан улс энэ жил 1-1.2 тэрбум киловатт/цаг цахилгаан эрчим хүчний алдагдал хүлээж байгаа бөгөөд уг зөрүүг ОХУ-аас импортлох замаар нөхөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Өнгөрсөн 1-р сард Казахстаны эрчим хүчний сайд Ерлан Аккенженов тус улс нийт 15.3 гигаваттын хүчин чадалтай, нийт 13 их наяд тенге буюу 25 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай эрчим хүчний 81 төсөл дээр ажиллаж байгаа гэж мэдэгдсэн юм. Тэдгээр төслийн ихэнхийг 2027 оны эхний улиралд дуусгахаар төлөвлөж байгаа ажээ. Казахстан бол ОХУ-ын хамгийн том цахилгаан худалдан авагчдын нэг юм. 2025 онд ОХУ-ын нийт цахилгаан эрчим хүчний экспортын 60 орчим хувийг Казахстаны худалдан авалт эзэлж байжээ.
Сибирийн бүс нутагт эрчим хүчний хомсдол нүүрлэсний уршгаар ОХУ Хятадын зах зээлийг орхиж, энэ оны эхээр нийлүүлэлтээ бүрэн зогсоосон юм. Үүнээс гадна Казахстан улс эрчим хүчний томоохон дэд бүтцийн төслүүддээ ОХУ-ын компаниудыг оролцуулахаас татгалзаж эхэлсэн юм. Казахстаны эрх баригчид Кокшетаугийн цахилгаан станцыг бие даан барихаар шийдсэн бол бусад хоёр төслийг төрийн өмчит Самрук-Энерго компани оролцсон Казахстан-Сингапурын консорциум боловсруулж байна. Мөн Казахстан Экибастузын грэс-2 цахилгаан станцын гурав дахь станцын төлөвлөгөөг шинэчилж, оросын турбин, генераторуудыг Хятадын “харбин электрик интернэшнл” компанийн тоног төхөөрөмжөөр сольжээ. Өнгөрсөн жил Казахстан улс хоёр цөмийн цахилгаан станц барих гэрээг орос улсад биш, хятад улсад олгосон нь Кремльд томоохон цохилт болсон юм.