БНХАУ-д салютын үйлдвэрт дэлбэрэлт гарч, 26 хүн нас баржээ

Даваа гарагт БНХАУ-ын Хунань мужийн Лиюян хот дахь салют буюу галын наадмын хэрэгслийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны уршгаар 26 хүн нас барж, 61 хүн хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Энэхүү үйл явдал нь сүүлийн жилүүдэд Хятад улсын аж үйлдвэрийн салбарт гарсан хамгийн их хохирол дагуулсан ослуудын нэг болж байна. 

Дэлбэрэлт орон нутгийн цагаар даваа гаргийн 17 цагийн орчимд үйлдвэрийн угсралт, сав баглаа боодлын цехэд гарчээ. Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул үйлдвэрийн ойролцоох 1 км-ийн радиус дахь байшингуудын цонх хагарч, хаалга нь чичирсэн байна. Уулархаг бүсээс асар их хэмжээний хар утаа гаран тэнгэрт суунаглаж, үйлдвэрийн барилгууд бүхэлдээ нуран, төмөр хийцүүд нь эвдэрч сүйдэж байгааг цахим орчинд нийтлэгдсэн дүрс бичлэгүүд харуулжээ. 

Урьдчилсан дүгнэлтээр дэлбэрэлт салют угсрах явцад гарсан байж болзошгүй байна. Үйлдвэрийн ойролцоо хар дарины хоёр том агуулах байсан нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж, нэмэлт дэлбэрэлт үүсэх эрсдэлийг бий болгосон байна. Мөн салютын үйлдвэрийг амралтын өдрүүдэд болон зөвшөөрөлгүй цагаар сунган ажиллуулж байсан болзошгүй гэж үзэж байна. 
Лиюян хот нь дэлхийн салютын үйлдвэрлэлийн 70 орчим хувийг хангадаг гол зангилаа боловч үйлдвэрлэлийн дарамт их, аюулгүй ажиллагааны стандартыг үл тоомсорлох явдал түгээмэл байдаг ажээ. 
Мягмар гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг осолтой холбоотой сураггүй байгаа хүмүүсийг хайж олох, шархадсан хүмүүсийг эмчлэх чиглэлд бүх хүчээ дайчлахыг уриалжээ. Тэрээр эрх баригчдад хатуу хариуцлага тооцож, олон нийтийн аюулгүй байдлын менежментийг бэхжүүлэхийг үүрэг болгосон байна. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус  үйлдвэрийн холбогдох албан тушаалтныг саатуулсан талаар мэдээлжээ.