Б.Найдалаа: Орон сууцад амьдарч байгаа өрх бүр дулааны тоолууртай болж, цаашид иргэд өөрсдөө дулаан, эрчим хүчээ хянадаг болно

Өчигдөр засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ тогтоол баталлаа. Энэ тогтоолын хүрээнд 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг хүндрэлгүй давахад анхаарч, тодорхой төслүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн үүнтэй холбоотойгоор эрчим хүчний сайд дулаан, цахилгааны тарифыг нэмэгдүүлэх талаар эрчим хүчний зохицуулах хороонд чиглэл өгсөн байна.

Эрчим хүчний салбарын хамгийн чухал асуудал болох үнэ, тариф гэхээсээ илүүтэй салбарын зардал, засаглал, үр ашгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг эрчим хүчний сайд онцоллоо. Түүнчлэн, ирэх өвөл цахилгааны хязгаарлалтад орохгүйн тулд дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 мвт-ын дулааны цахилгаан станцыг энэ оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, “зэс оюу” нэртэй төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 мвт хүртэл хүчин чадал нийлүүлэх станцыг наймдугаар сараас өмнө ажиллуулна. Мөн оргил ачааллын үед үүсдэг чадлын дутагдлыг нөхөх зорилгоор батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр болжээ.

Засгийн газраас эрчим хүч үйлдвэрлэхээс эхлээд дамжуулах, түгээх, хангах бүх шатанд зардлыг дор хаяж 3 хувиар бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг ил тод болгох, хяналт хариуцлагыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгосон байна. Ингэхдээ дулааны тоолуурыг орон сууцны айл, өрх бүрд суулгах бөгөөд хэр хэмжээний дулаан ашиглаж байгааг иргэд өөрсдөө хянах боломжтой болох юм байна. 

Үүнээс гадна хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлж, цахимжуулалтыг нэмэгдүүлэх, иргэд өөрийн хэрэглээг хянаж, хэмнэх, төлбөрөө илүү хялбар зохицуулах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгажээ.