Пүрэв гарагт АНУ-ын холбооны шүүгч Кеннет Карас “долоон жилийн турш шүүхийн архивд хадгалагдсан бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпстийний "гэрээслэл" гэгдэх гар бичмэлийг олон нийтэд ил болгох шийдвэр гаргалаа. Уг тэмдэглэлийг 2019 онд Эпстийний шоронгийн өрөөний хамтрагчийн номын завсраас олж байсан гэж мэдээлжээ.
2019 онд бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпстийн амиа хорлохоосоо хэдхэн долоо хоногийн өмнө уг тэмдэглэлийг бичсэн гэгдэж байна. Шар өнгийн цаасан дээр яаран сараачсан уг бичвэр нь өөрийг нь шалгаж байсан мөрдөн байцаагчдыг илт басамжилж, тохуурхсан өнгө аястай байжээ.
Тэрээр “Тэд намайг хэдэн сарын турш шалгасан ч юу ч олоогүй, баяртай гэж хэлэх цагаа өөрийнхөөрөө сонгох нь таатай хэрэг. Чи намайг яана гэж бодоо вэ, уйлж унжих уу, огтхон ч хөгжилтэй биш байна, энэ бүхэн үнэ цэнгүй” хэмээн бичсэн байжээ.
Тэгвэл Эпстийнийг амиа хорлосны дараа шоронгийн өрөөнөөс олдсон өөр нэг тэмдэглэл дээр ч мөн "no fun" буюу “ хөгжилтэй биш” гэх үгс ижил байдлаар бичигдсэн байсан нь уг бичвэрүүдийг тэрээр өөрөө бичсэн байх магадлалтайг илтгэж байна. Уг тэмдэглэлийг Эпстийний шоронгийн өрөөний хамтрагч, цагдаа байхдаа дөрвөн хүний аминд хүрсэн хэргээр ял авсан Николас Тартаглионе 2019 оны 7-р сард нэгэн зурагт номын завсраас олсон гэж мэдүүлсэн юм. Тэрээр энэ баримтыг өмгөөлөгчөөрөө дамжуулан, 2021 онд шүүхэд хүргүүлсэн ч шүүгч уг баримтыг "Маш нууц" зэрэглэлд долоон жилийн хугацаатай хадгалах шийдвэр гаргаад байжээ.
Нью-Йорк таймс сонин олон нийтийн мэдэх эрхийг хамгаалж, уг баримтыг нууцаас гаргах хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Шүүгч Кеннет Карас уг хүсэлтийг хүлээн авч, "олон нийт энэ хэрэгт маш их анхаарал хандуулж байгаа тул нууцлах шаардлагагүй" гэж үзжээ. Мөн АНУ-ын хууль зүйн яам өмнө нь Эпстийнтэй холбоотой сая сая баримтыг дэлгэсэн ч энэхүү тодорхой тэмдэглэлийг "Хэзээ ч харж байгаагүй" гэдгээ мэдэгдсэн нь олныг гайхшируулсан байна. Олон нийт Эпстийнийг "амиа хорлоогүй, хэн нэгэн түүнийг алсан" гэж харддаг. Харин энэхүү тэмдэглэлд тэрээр "баяртай гэх цагаа өөрөө сонголоо" гэж бичсэн нь амиа егүүтгэсэн гэх таамаглалыг баталж байгаа мэт боловч, олон эргэлзээг төрүүлж байна.
Үүнээс гадна холбооны шүүгч Кеннет Карас зөвхөн гэрээслэлийг ил болгоод зогсохгүй, түүнтэй холбоотой өөр 3 баримт бичгийг нийтэд дэлгэхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ.