УИХ-аар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль батлагдлаа. Ингэснээр иргэд заавал гадаад улсыг зорихгүйгээр эх орондоо эмчлүүлэх боломж нэмэгдэж, амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж байна. Тухайлбал, хүйн цус, эд эсийн сан шинээр байгуулагдахаас гадна амьгүй донорын ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуульчиллаа. Мөн эрхтэн, хүний наймаанаас сэргийлэх хяналтын тогтолцоог чангатгаж, донор болон реципиентийн ёс зүйн асуудлыг хуулиар бүрэн хамгаалахаар болжээ. 

Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарт түүхэн шинэ хуудас нээгдэж байна. Өнөөдрийг хүртэл салбарын дүрэм журмаар зохицуулагдаж ирсэн тус асуудал бие даасан, tsogt  хуультай болж байна. Ингэснээр амьгүй болон тархины үхэлтэй донор, эд эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хуулийн хяналт дор явагдах эрх зүйн орчин бүрдлээ. 

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулиар

Иргэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийлгэх боломж нэмэгдэнэ

Хүйн цус, эд, эсийн сан бий болж, зарим хүнд өвчнийг эмчлэх шинэ боломж нээгдэнэ

Амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж, хүний эрх хамгаалагдана

Эрхтэн, хүний наймаанаас сэргийлэх хатуу хяналт, хууль эрх зүйн орчин бүрдэнэ

Шилжүүлэн суулгах эмчилгээний үйл явц нэг мөр, ойлгомжтой эрх зүйн орчинд орно

Эмч, мэргэжилтнүүдийн шийдвэр гаргалт эрсдэл багатай, хариуцлага тодорхой болно

Донор, реципиенттай холбоотой ёс зүйн асуудлыг хуулиар хамгаалсан тогтолцоо бүрдэнэ

Салбарын хүний нөөц, мэргэшлийг тогтвортой хөгжүүлэх суурь нөхцөл бий болно

Амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж эрүүл мэндийг дэмжих сангаас олгох болно.

Мөн иргэн бүр эрхтэн, эд, эсээ сайн дураараа, үнэ төлбөргүй үлдээх сонголтоороо дамжуулан төрөөс аюулгүй, шударга зохицуулалтаар хамгаалуулна. 

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээс хойш тус хуулийг дагаад засгийн газрын нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолуудыг өөрчлөх зэрэг асуудлууд хөндөгдөх байна. Ингэснээр амьгүй донорын асуудлыг цэгцэлж, донорын ар гэрт олгох оршуулгын дэмжлэгийг одоо байгаа дүнгээс 2 дахин нэмэгдүүлж, нэг эх үүсвэрээс олгох боломжыг бүрдүүлэх байна. 

Хуулийн зорилго нь зөвхөн эмчлэх бус донорын эрхийг хамгаалах болон эрхтний наймаанаас сэргийлэхэд чиглэж байгаа юм. Ингэснээр Монгол улс эрхтэн шилжүүлэн суулгах салбарт олон улсын ёс зүйн стандартыг нэвтрүүлж байна.