В.Путин: Мөргөлдөөний төгсгөл ойртож байна

Өнгөрсөн Бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины дайныг "Төгсгөлийн шатандаа орсон" гэж мэдэгдлээ. Тэрээр Барууны орнуудын ОХУ-ыг нураах төлөвлөгөө бүтэлгүйтсэнийг онцолж, Украины Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Өнгөрсөн Бямба гарагт болсон ялалтын баярын цомхон цэргийн парадын үеэр В.Путин дайн дуусах цаг мөч ойртсон гэж мэдэгдсэн ч тэрээр “Энэ нь энхийн хэлэлцээ биш, харин Оросын талд ашигтайгаар бэлтгэсэн эцсийн гэрээнд гарын үсэг зурах уулзалт байх ёстой” гэсэн хатуу болзол тулгажээ. В.Путин "Тэд биднийг нурна гэж хүлээсэн ч өөрсдөө ангалд уначихлаа" хэмээн хэлсэн байна. Энэ нь дайн ОХУ-ын буултаар биш, харин барууны орнуудын хүч барагдаж, "Мухардсанаар" дуусах гэж байгаа гэх санааг илтгэсэн байна.

Түүнчлэн В.Путин Украины төрийн тэргүүнтэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч “Уулзалт бүх асуудалд эцсийн цэг тавих ёстой” хэмээжээ. Мөн Европын эрх баригчидтай тохиролцоход Германы Канцлер асан Герхард Шрёдер буюу өөрийнх нь найз хэрэгтэй байгааг тэрээр мэдэгдэлдээ дурджээ.

Үүнээс гадна энэ удаагийн илтгэлдээ В.Путин үй олноор хөнөөх зэвсэг ашиглах талаар дурдаагүй ч саяхан ОХУ-ын цөмийн зэвсэг ашиглах босгыг намсгаж, үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой номлолыг баталснаа санууллаа. Өмнө нь тэрээр Орос улс руу цөмийн зэвсэгтэй улсын дэмжлэгтэйгээр ердийн зэвсгээр халдсан ч цөмийн хариу өгөх эрхтэй гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл В.Путин энэ удаагийн мэдэгдэлдээ ОХУ-ын цэрэг арми НАТО-ын бүрэн дэмжлэгтэй, зэвсэглэсэн түрэмгий хүчний эсрэг тэмцэж байгаа нь Оросууд Украинтай мөргөлдөж байгаа бус, харин Барууны ертөнцтэй дайтаж байгаа мэт харагдуулах гэсэн В.Путины ээлжит оролдлого гэж шинжээчид үзэж байна.