АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 2019 оноос хойш анх удаа БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжин хотыг зорьжээ. Айлчлалынхаа өмнө тэрээр “Ираны дайныг зогсооход БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусламж хэрэггүй, энэ уулзалтаар Ойрх Дорнодын мөргөлдөөн бус худалдааны асуудлыг урьтал болгоно” хэмээн онцолжээ.
Мягмар гарагт Доналд Трамп "Ираны асуудлаар БНХАУ-аас тусламж авах хэрэггүй гэж бодож байна. Бид энэ дайнд тайван замаар ч бай, үгүй ч бай ямар нэг байдлаар ялах л болно" гэж мэдэгджээ.
Мөн тэрээр “Иран улс бидний бүрэн хяналтад байгаа бөгөөд БНХАУ-ын талтай хийх уулзалтаар Ойрх Дорнодын мөргөлдөөний талаар голчлон хэлэлцэх шаардлагагүй, харин худалдааны асуудлыг урьтал болгоно” хэмээсэн байна.
АНУ-ын тавьсан энхийн саналд Ираны зүгээс сөргүүлэн тавьсан саналд тусгасан дайны хохирлыг барагдуулах, боомтын бүслэлтийг цуцлах зэрэг нөхцөлийг Доналд Трамп “Хог” гэж тодорхойлж, Техраны ирүүлсэн албан бичгийг уншиж дуусалгүй чулуудсан гэж эх сурвалжууд ярьсан юм.
Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа дайн нийт 29 тэрбум ам.долларын зардал дагуулаад буйг Пентагоноос дурдсан юм. Өмнө нь Доналд Трамп Ираны нефтийн гол худалдан авагчийн хувьд БНХАУ Техраны дэглэмд шахалт үзүүлэх ёстой гэх байр суурь баримталж байсан ч Бээжинг зорихынхоо өмнө тэрээр дайныг бие даан шийдвэрлэж чадна гэдгээ харуулахыг зорьжээ.
Нөгөөтээгүүр АНУ, БНХАУ-ын аль аль нь Ормузын хоолойн олон улсын усан замаар дамжин өнгөрөхөд Иран ямар нэгэн татвар, хураамж авах ёсгүй гэдэгт санал нэгдэж байна. Мягмар гарагт Ираны Исламын Хувьсгалт Гвард Ормузын хоолой дахь цэргийн сургуулилтаа эрчимжүүлж, "Дайсантай нүүр тулахад бэлэн" гэж зарлалаа. Иран улс Ормузын хоолойгоор дамжуулан Пакистан, Ирак зэрэг орнууд руу газрын тос, шингэрүүлсэн хий экспортлох шинэ хэлэлцээрүүд байгуулж, АНУ-ын тэнгисийн бүслэлтийг үл харгалзан усан замын хяналтаа урт хугацаанд хууль ёсных болгохыг оролдож байна гэж Өрнөдийн хэвлэлээр мэдээллээ.