Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг umoney төхөөрөмжийг шинэчилж, “Ub Card”-ыг энэ сарын 2-оос ашиглалтад нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд UMoney карт болон “Ub card” аппликейшнийг ашиглан нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болсон юм. Гэвч зарим Umoney картаар дамжин суух боломжгүй болох, мөн “Ub card” аппликейшн гацах зэрэг асуудал тохиолдож байгааг иргэд мэдээлж байна.
2015 онд нийтийн тээврийн төлбөр хураахтай холбоотой системийг шинэчилж байсан бол үүнээс 11 жилийн дараа буюу энэ жил дахин шинэчилжээ. Системийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэдийн ашиглаж буй ub card аппликейшн гацах, карт уншихгүй байх зэрэг хүндрэлүүд үүсэж байна. Одоогийн байдлаар 535.261 зорчигч “Ub card” аппликейшнийг ашиглан нийтийн тээврээр үйлчлүүлж байна.
Зарим иргэдийн зүгээс umoney картаар дамжин суух боломжгүй болсон гэх мэдээллийг өгч байсан юм. Энэ талаар нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад, “Системийн шинэчлэлтэй холбоотойгоор засварын ажил хийгдэж байгаа бөгөөд удахгүй хэвийн ажиллаж эхэлнэ” гэж мэдэгдлээ. Мөн өмнө нь нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ суух болон буух үедээ картаа уншуулдаг байсан бол системийн шинэчлэлийн дараа зөвхөн нэг удаа картаа уншуулах зохицуулалттай болсон гэдгийг тайлбарлаж байна.
Зорчигчид төлбөрөө “Ub card” аппликейшн ашиглах, QR код уншуулах, зориулалтын картаар төлөх, мөн 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар худалдан авах боломжтой бөгөөд уг тасалбар тухайн өдөр хүчинтэй байна. Түүнчлэн бүх төрлийн банкны картаар төлбөр төлөх боломж нээлттэй хэвээр байна.