Өнгөрсөн 4-р сард ОХУ-ын газрын тосны орлого 19.1 тэрбум ам.долларт хүрч, өссөн байна

Өнгөрсөн 4-р сард ОХУ-ын газрын тосны экспортын орлого үргэлжлэн өсөж, 19.2 тэрбум ам.долларт хүрснийг олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурджээ. Ираны дайн, Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ эрс өссөн нь ОХУ-ын газрын тосны орлогыг нэмэгдүүлжээ. 
4-р сард ОХУ-ын газрын тосны экспортын орлого 19.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх 3-р сарынхаас үл ялиг өссөн үзүүлэлт боловч 2025 оны мөн үетэй харьцуулахад 6 тэрбум ам.доллароор буюу үлэмж хэмжээгээр өссөн дүн байна. Ойрх дорнодын хямрал, Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ эрс өссөнтэй холбогдуулан ОХУ-ын "urals" маркийн газрын тосны нэг баррель тутмын үнэ бараг 95 ам.долларт хүрч өссөн нь үйлдвэрлэлийн алдагдлыг нөхөх боломж олгожээ.
АНУ-ын засгийн газар дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах зорилгоор ОХУ-ын газрын тосыг онилсон хориг арга хэмжээгээ сулруулсан юм. Уг өршөөлийн хүрээнд ОХУ-ын эрчим хүчний яам далайд гацсан газрын тосны танкеруудад боомтуудад хүргэж, газрын тосоо борлуулж, мөнгөн гүйлгээг саадгүй хийх эрхийг эдэлж байна. 

Украины дроны халдлагын улмаас үйл ажиллагаа нь доголдсон "Дружба" газрын тос дамжуулах хоолойн үйл ажиллагаа өнгөрсөн 4-р сарын сүүлээр эргэн сэргэснээр Унгар, Словак улсууд ОХУ-ын газрын тосыг саадгүй авах болсон юм. Гэхдээ Украины арми ОХУ-ын газар нутгийн гүнд орших газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн дроны халдлагаа эрчимжүүлсээр байна. Үүний улмаас ОХУ-ын дотоодын газрын тос боловсруулалт буурч, бэлэн бүтээгдэхүүний, тэр дундаа шатахуун, дизель түлшний экспорт нь түүхэн доод хэмжээндээ хүрч унасан. Харин ОХУ боловсруулж чадаагүй түүхий газрын тосоо балтын тэнгисийн боомтуудаар дамжуулан шууд экспортлож байгаа нь орлогыг нь арвижуулж байна. 4-р сард ОХУ-ын олборлогчид  өдөрт дунджаар 7 сая баррель түүхий тос болон боловсруулсан бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь 30 хоногоор тооцвол нийт 210 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлснийг илтгэж байна. Мөн ОХУ-ын засгийн газраас дотоодын зах зээлээ хамгаалах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор автобензиний экспортод 6 сарын хугацаатай хориг тавьсан нь хэрэгжиж байна. Энэ шалтгааны улмаас өнгөрсөн 4-р сард ОХУ зөвхөн засгийн газар хоорондын гэрээтэй улсууд руу хоногт 22 мянган тонн шатахуун экспортложээ.