Д.Трамп: Ираны эсрэг явуулахаар төлөвлөж байсан цэргийн ажиллагааг түр хугацаагаар хойшлууллаа

Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны газар нутагт дахин өргөн хүрээг хамарсан агаарын довтолгоо явуулахаар төлөвлөж байжээ. Гэвч Персийн булангийн орнуудын эрх баригчид хичээнгүйлэн гуйсны дагуу цэргийн ажиллагааг 2-3 хоногоор хойшлуулахаар болсон гэж Доналд Трамп мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг явуулахаар зэхэж байсан "Нууц довтолгоо"-гоо түр зогсоож, дэлхий нийтийг амьсгаа даран хүлээхэд хүргэлээ. Тэрээр “Цэргийн ажиллагааг түр хугацаагаар хойшлууллаа. Магадгүй үүрд, эсвэл хэсэг хугацаанд. Учир нь Ирантай томоохон хэлцэл хийгдэж, тохиролцоо яригдаж байна. Үр дүнг нь харъя" хэмээн мэдэгдсэн юм.

Даваа гарагт Саудын Араб, Катар, АНЭУ-ын удирдагчид Доналд Трамп руу утасдаж, "Хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэхэд 2-3 хоногийн хугацаа өгөөч" гэж хичээнгүйлэн гуйсан гэж Доналд Трамп хэллээ. Тэгвэл Доналд Трамп Ираныг цөмийн зэвсэг эзэмшихээс сэргийлэх, баяжуулсан ураныг нь хураан авахыг хэлэлцээрийн гол шаардлага гэж үзэж байна.

Мөн Доналд Трамп хэлэлцээ бүтэлгүйтвэл Ираныг хэдхэн хормын дотор цусан далай болгох бүрэн хэмжээний дайралтад бэлэн байх ёстойг АНУ-ын зэвсэгт хүчинд үүрэгдсэн гэж мэдээлж байна. Харин Ираны тал хэлэлцээнд давуу талыг олж авахын тулд дэлхийн эдийн засгийн "Гал унтраагуур" болох Ормузын хоолойг барьцаалж байна. Ираны Засгийн газраас "Персийн булангаар дамжих бүх хөлөг онгоц манай улсаас зөвшөөрөл ав. Үгүй бол хууль бус гэж үзнэ" хэмээн сүрдүүллээ. Яг одоо тус усан зам дээр дэлхийн зах зээлийг хангах ёстой 1500 гаруй ачааны болон газрын тосны хөлөг онгоц Ираны зөвшөөрлийг хүлээн түгжрээд байна.