Иргэдийн худалдан авах чадвар улам л хязгаарлагдаж, амьжиргааны түвшин доройтож, зээлийн төлөлт нэмэгдэхэд хүрч байна. Өөрөөр хэлбэл өрхийн орлогын өсөлт инфляцын түвшнийг давахгүй байна гэсэн үг. Хэдийгээр холбогдох хүмүүс зохих арга хэмжээг авна гэдгийг хэлсэн ч нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцын түвшин удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай гэдгийг мэргэжилтэн тайлбарлалаа. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.
-
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж бодит орлого 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн байна. Харин сарын дундаж бодит зарлага 2.8 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
-
Цаашлаад нийт өрхийн 30 гаруй хувь нь 2.1 сая төгрөгөөс доош орлоготой байна. Харин нийт өрхийн 20 гаруй хувь 5 сая төгрөгөөс дээш орлоготой байгаа юм.
-
Ингэхдээ 2.1 сая төгрөгөөс доош орлоготой өрх өмнөх оны мөн үеэс 89 мянгаар буурсан бол 5 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 53 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл нийгмийн давхаргын ялгаа улам л нэмэгдэж байгаагийн илрэл болоод байна.
-
Тэгвэл нэг өрх сард дунджаар 830 гаруй мянган төгрөгийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулж байна. Ингэхдээ зардлын 38 хувийг мах, махан бүтээгдэхүүнд, 16 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүнд зарцуулж байгаа юм.
Сүүлийн үед манай улсын иргэдийн голлон хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болох махны үнийн өсөлт хүн бүрийн шүдний өвчин болоод байгаа. Цаашлаад махны үнийн өсөлт инфляцад томоохон нөлөө үзүүлж, 2 оронтой тоонд хүрсэн юм. Тодруулбал энэ оны 4-р сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 10.1 хувьд хүрсэн бөгөөд хүнсний бараа үнийн өсөлт 50 гаруй хувиар нөлөөлжээ. Тэгвэл махны үнийн өсөлт нь нөөц хангалтгүй байгаатай холбоотой төдийгүй гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй газрын тосны бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл бусад бүтээгдэхүүн рүү дамжиж байгааг мэргэжилтэн тайлбарлалаа.
Цаашлаад инфляцын дарамт нэмэгдэж байгаа энэ үед өрхийн орлого болон зарлага өссөн дүр зурагтай байна. Тодруулбал энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж бодит орлого 6.3 хувиар, бодит зарлага 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч 3 сая хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн тоо 105 мянгаар буурсан байна.
Цаашлаад энэ оны эхний улирлын байдлаар нийт өрхийн хамгийн бага зардалтай 20 хувь нь сард дунджаар 2.4 сая төгрөгийг зарцуулдаг. Ингэхдээ нэг өрх сард дунджаар 830 гаруй мянган төгрөгийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг бөгөөд 38 хувь нь мах, махан бүтээгдэхүүнд зарцуулагдаж байна. Үүнээс гадна өрхийн сарын дундаж зээлийн төлөлт өмнөх оны мөн үеэс 33 гаруй хувиар өссөн байгаа юм. Үүнээс үзвэл иргэдийн орлогын өсөлт инфляцын түвшнийг давахгүй байгаа тул иргэд зээл авч, зөвхөн ойр зуурын хэрэглээгээ хангаж, өдөр хоногийг арай ядан туулж байна. Тэгвэл нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох хүмүүс махны үнийг тогтворжуулна гэдгээ хэлсэн. Гэвч нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай гэдгийг мэргэжилтэн тайлбарлалаа.
Угтаа хэрэглээний бараа, үйлчилгээ нэн ялангуяа махны үнийн өсөлт гэнэт нэмэгдсэн асуудал огтоос биш. Харин ч судалгаа тоон мэдээлэл болоод төлөв байдлыг тогтмол танилцуулж, анхааруулж байсан. Үүнээс гадна газрын тосны бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, нийлүүлэлтийг таслахгүй байх асуудалтай манай улс анх удаа учраагүй. Гэсэн ч төр засгийн тогтворгүй байдал, эх баригчдын оновчгүй шийдвэр дахин л иргэдийн нуруун дээр ирж байгаа юм.