Эрүүл мэндийн салбарын “Анхны хаалга” болсон өрхийн эмч нар өнөөдөр хүн эмчлэхээсээ илүү тайлан бичих ажилд дарагдаж байна

Өчигдөр дэлхийн өрхийн эмч нарын өдөр тохиолоо. Гэвч тэд баярлахаас илүүтэйгээр тэдний нуруун дээр үүрүүлсэн хэт их ачаалал, дарамтын талаар мэдэгдэл хийлээ. Тодруулбал эрүүл мэндийн салбарын “Анхны хаалга” болсон өрхийн эмч нарт оногдож буй иргэдийн тоо хэт өндөр байгаа ачааллыг улам бүр нэмэгдүүлдэг. Мөн  эмчилгээ хийхээс илүү тайлан, шалгалт, аяны биелэлт зэргээр бичиг цаасны ажил их байгаа нь ажлын ачааллыг улам бүр нэмэгдүүлж байна гэлээ.

Монгол улс энэхүү өдрийг 2012 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Дижитал ертөнцөд  хүн төвтэй тусламж үйлчилгээ” сэдвийн хүрээнд өрхийн эмч нарын бодит ажлын ачаалал, тулгамдсан асуудлыг олон нийт болон төрийн байгууллагуудад хандан дэвшүүллээ.

Манай улсад нэг өрхийн эмчид дунджаар 1800 гаруй иргэн ногдож байна. Энэ бол олон улсын жишигтэй харьцуулахад хэд дахин өндөр ачаалал юм. Өдөр бүр олон арван иргэнийг үзэж, зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх үзлэг хийх ёстой эмч нар цагаа өвчтөндөө бус, цаас тайлан боловсруулахад зарцуулж байна.

Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар муудаж байгаа талаар иргэд байнга гомдоллодог. Гэвч асуудлын гол шалтгаан нь эмч нарын хариуцлагагүй байдал бус, харин тэднийг эмнэлгийн бус ажлаар “Булж” байгаад оршиж байна. Дунд шатны байгууллагын хэт их хяналт шалгалт, тоо бүртгэл, өдөр бүр шахуу ирдэг албан бичиг, судалгаа, тайлангийн шаардлага нь өрхийн эмчийг үндсэн ажлаас нь холдуулж байгааг онцолж байна.

Эмч хүн өвчтөнөө үзэж, оношилж, эмчлэхдээ төвлөрөх ёстой болохоос биш тасралтгүй тайлан шивж суух ёсгүй. Гэтэл өнөөдөр өрхийн эмч компьютерын ард суух цаг нь өвчтөнтэй уулзах хугацаанаасаа илүү болсон гэхэд хилсдэхгүй. Иймд тэдний зүгээс    бодлого боловсруулагчид болон холбогдох байгууллагуудад дараах шаардлагыг хүргүүлж байна үүнд өрхийн эмчийг дунд шатны хэт олон давхар хяналт, шалгалтаас чөлөөлөх илүүдэл тайлан мэдээ, цаасан ажлыг бууруулж, цахим шийдлийг бодитоор хэрэгжүүлэх эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээтэй холбоогүй аян, кампанит ажлын ачааллыг багасгах шаардлага бодлого боловсруулагчдад  тавьж байна