НӨАТ-ын тухай хуулийг батлах үед техник, санхүүгийн боломжтой гэж үзсэн ч хэрэгжиж эхлээгүй байхад цуцлах санал орууллаа

Түүнчлэн УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 10-р сарын 1-ээс хэрэгжүүлэхээр хүлээлт үүсгээд байсан НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх тухай хуулийг эргүүлэн татсан асуудлаар хэлэлцлээ. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд тайлбарлахдаа төсвийн тасалдал үүсэх эрсдэлтэй тул багш, эмч нарын цалинг нэмэх үү, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийг хойшлуулах уу гэдэг сонголтоос шалтгаалан НӨАТ-ын хуулийг татахаар болсон гэж танилцууллаа.

Өнгөрсөн оны 11-р сарын 14-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар НӨАТ-ын тухай хуулийг батлах үед техникийн болон санхүүгийн боломжтой гэж үзсэн атлаа хэрэгжиж эхлээгүй байхад нь цуцлах санал оруулж ирж байгааг УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Тодруулбал, өмнөх өөрчлөлтөөр иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг одоогийн 2 хувиас нэмэгдүүлэх, хуульд заасан зарим тохиолдолд 50 хүртэлх хувийн буцаалт олгох талаар яригдаж байсан бөгөөд энэ нь иргэдийн хэрэглээг дэмжих бодлого гэж тайлбарлагдаж байсан юм.

НӨАТ нь улсын төсвийн орлогын ойролцоогоор 20 хувийг бүрдүүлдэг. Харин буцаан олголтыг нэмэгдүүлэхэд жилд 1.8 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрөхгүйгээр иргэдэд үлдэх тооцоо гарсан байна. Үүн дээр багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага давхар гарч, зөвхөн цалингийн нэмэгдэлд 2026 онд 2 их наяд, 2027 онд 4 их наяд төгрөг шаардлагатай болсон нь төсвийн дарамтыг нэмэгдүүлэх байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нэг талд иргэдэд НӨАТ-ын буцаалт нэмэгдүүлэх амлалт өгсөн ч нөгөө талд төрийн албан хаагчдын цалин, нийгмийн зардлаа санхүүжүүлэх бодит боломж хүрэлцэхгүй болсон гэж тайлбарлаж байна.

Гэвч зарим УИХ-ын гишүүдийн зүгээс хэрэгжиж эхлээгүй хуулийн төслийг ийнхүү богино хугацаанд буцааж байгаа нь төрийн бодлогын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийн дунд үүсгэсэн хүлээлтийг Засгийн газар өөрөө няцааж байна гэж шүүмжилсэн юм.