Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа дахин явуулахад бэлэн байгааг анхаарууллаа. Гэхдээ тэрээр Ираны эдийн засаг, цэргийн хүчин чадал нь туйлдсан тул тус улсын эрх баригчид хэлэлцээр байгуулахыг туйлын ихээр хүсэж байгаа хэмээн онцолсон байна.
АНУ-ын засаг захиргаанаас Иранд тавьж байгаа гол нөхцөл нь цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэсэн шаардлага юм. Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болбол ойрх дорнодын бусад орнууд үй олноор хөнөөх зэвсгээр хөөцөлдөж, тэр хирээр бүс нутгийн аюулгүй байдал нуран унана гэж АНУ үзэж байна.
Мягмар гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Вэнс хоёр улсын хооронд өрнөж байгаа яриа хэлэлцээнд "Үлэмж хэмжээний ахиц дэвшил" гарч байгаа гэж мэдэгдлээ. Тэрээр АНУ, Иран хоёрын хэн нь ч дахин цэргийн мөргөлдөөнийг хүсэхгүй байгаа бөгөөд дипломат аргаар асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлж байгааг онцолсон байна. Гэхдээ Ираны удирдлагуудын дотоод хагарал, нэгдсэн байр суур тааруу байгаагаас шалтгаалж хэлэлцээ хийхэд хүндрэл гарч байгааг тэрээр ил тод хэлжээ.
Тэгвэл Мягмар гарагт Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкян дайны улмаас тус улсын эдийн засаг хүндэрснийг хүлээн зөвшөөрсөн ч АНУ-ын шахалтад сөхрөхгүй гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Ираны ерөнхийлөгч дайныг эцэслэх хамгийн зөв алхам бол хэлэлцээ бөгөөд нэр төр, эрх мэдэл, үндэсний эрх ашгаа бүрэн хамгаалахын тулд зэвсэг агсах шаардлага байхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.