Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжин хотноо уулзаж байна. Ираны дайн дэлхийн эрчим хүчний хангамжийг тасалдуулж байгаа энэ цаг үед хоёр орны удирдагч удаан хугацаанд гацсан "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулах асуудлыг нэн тэргүүнд хэлэлцжээ.
Өнгөрсөн оны 9-р сард ОХУ, БНХАУ-ын эрх баригчид хийн хоолойн төслийн барилгын ажлыг урагшлуулах санамж бичигт гарын үсэг зурсан боловч хийн үнэ болон барилгын ажлыг эхлэх асуудлаар дахин эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй бололтой. БНХАУ шинэ хоолойгоор дамжих хийн үнийг оросын дотоодын үнэ болох 1,000 шоо метр тутамд 120-130 ам.доллартай дүйцүүлэхийг хүсэж байгаа бол Кремль уг жишгээс хоёр дахин өндөр үнэтэй "Сибирийн хүч-1" хоолойн нөхцөлийг шаардаж байгаа юм байна.
Өнгөрсөн 2-р сарын сүүлээр Ормузын хоолой хаагдсанаар Хятад улсын газрын тосны импортын хагас, шингэрүүлсэн хийн худалдан авалтын 30 орчим хувь нь саатаад байна. Энэхүү эрчим хүчний нийлүүлэлтийн саатал нь хятад улсад далайн тээврийн эрсдэлээс ангид эх газрын хийн хоолойг сонирхох шинэ хөшүүрэг болж байгаа ч шинжээчид Бээжингийн хэлэлцээний байр суурь өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэж байна.
Одоогоор Хятад улс байгалийн хийн 92 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд төв Азийн бусад орнуудаас ч хий тогтмол авч байгаа юм. 2022 онд Украин руу халдсанаас хойш ОХУ-ын европ руу гаргах хийн экспорт хана мөргөж, "Газпром"-ын нийлүүлэлт сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшинд хүртлээ буюу 44 хувиар унажээ. Лхагва гарагт хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр В.Путин БНХАУ-ыг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахад бэлэн байгаагаа мэдэгдсэн боловч "Сибирийн хүч-2" төслийн нэрийг шууд дурдаагүй байна.
Ийнхүү Путины Хятад улс дахь төрийн айлчлалаар хоёр улсын харилцаа "Урьд өмнө байгаагүй түвшинд" хүрснийг удирдагчид тэмдэглээд олон туйлт дэлхий ертөнцийг цогцлоох иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ.