Өчигдөр УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар орон сууцын залиланд өртсөн иргэдийн 600 гаруй гомдол дээр үндэслэн хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагуудын тайлбар, мэдээллийг сонсжээ. Ингэснээр хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас барилгын тухай хуулийг шинэчлэн ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих юм байна. Мөн УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос орон сууцын залилангийн хэрэгтэй холбогдуулан хянан шалгах ажлын хэсэг байгуулж, цаашдын арга хэмжээг шуурхай авахаар тогтлоо.
Өнөөдрийн байдлаар орон сууцтай холбоотой залилангийн хэргээр 995 иргэн нийт 64.5 тэрбум төгрөгийн хохирол амсаад байгаа бөгөөд 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох хэрэг шалгагдаж байна. Зөвхөн өргөдлийн байнгын хороонд гэхэд 12 төслийн асуудлаар 600 гаруй иргэн гомдол гаргажээ. Орон сууцын залиланд өртсөн иргэд байрны урьдчилгаа төлбөрөө бүрэн өгсөн ч барилга нь эхлээгүй, эсвэл олон жил царцсан хэвээр байгаа асуудал түгээмэл болсон байна. Тухайлбал, “Ток таун” төслийн 89 иргэн 6.4 тэрбум төгрөгийн хохирол амссан ч барилгын талбай өнөөдөр хүртэл хоосон хэвээр, “Гэзэгийн худаг” төслийн хүрээнд 404 иргэн 5 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн хэрэг 14 жил шийдэгдээгүй, “Марч констракшн”-ы 8 блок барилга зогсонги байдалд орж, захиалагчид 5-7 жил хүлээж байгаа зэрэг жишээ УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар дурдагдлаа.
Асуудлын гол шалтгаан нь эрх зүйн орчны сул байдал гэж хохирогч нар дүгнэж байна. Учир нь барилгын тухай хууль олон жил шинэчлэгдээгүй, орон сууцны захиалгын гэрээг хамгаалах механизм сул, барилгын компаниуд иргэдээс мөнгө төвлөрүүлээд ажлаа гүйцэтгэхгүй байсан ч хяналт, хариуцлага хангалтгүй байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. Мөн эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хоорондоо гацдаг, компаниуд хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүлдэг, олон хохирогчтой хэрэг дээр санхүүгийн шинжилгээ удаан үргэлжилдэг зэрэг нь шийдвэрлэлтийг хэдэн жилээр сунгаж байна гэлээ.
Орон сууцын залилангаас үүдсэн нөхцөл байдал нь хохирогч иргэдэд зөвхөн санхүүгийн хохирол биш, харин ч иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа юм. Тодруулбал, захиалсан байраа хүлээсэн иргэд олон жил түрээсийн байр дамжиж, өрөнд орж, зарим тохиолдолд гэр бүлийн маргаан, салалт, эрүүл мэндийн асуудал хүртэл дагуулж байгааг хохирогчид онцоллоо. Иймээс орон сууцны захиалгын гэрээг улсын бүртгэлд бүртгэдэг болох, эрсдэлийн даатгал бий болгох, дуусаагүй барилгад төрөөс хяналт тавих, хариуцлагагүй компаниудын мэдээллийг нээлттэй болгох зэрэг зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байгаа юм.