Төрөөс махны бизнест оролцож эхэлсэн нь зах зээлийн жамаар тогтох ёстой үнийг улам хөөрөгдөхөд хүргэж байгааг эдийн засагчид шүүмжилж байна

Төрөөс махны бизнест оролцож эхэлсэн нь зах зээлийн жамаар тогтох ёстой үнийг улам хөөрөгдөхөд хүргэж байна. Иргэдийн амьжиргаанд хамгийн их нөлөөлдөг өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүний нэг болох махны үнэ жил бүр өсдөг ч зах зээлийн зарчмаараа тодорхой хугацааны дараа буурч, тогтворжих хандлагатай байдаг. Гэвч төрөөс үүнд оролцож, их хэмжээгээр нөөцийн мах бэлтгэх, зах зээлээс их хэмжээний мах худалдан авах зэргээр зохицуулах гэж оролдох тусам нийлүүлэлтэд дарамт үүсэж, үнэ улам өсөх нөхцөл бүрдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Өнөөг хүртэл махны үнэ хэрхэн нэмэгдсээр ирснийг харцгаая:

—2020 онд Улаанбаатарын захуудад хонины ястай мах дунджаар 8500–10.500 төгрөг, үхрийн мах 11.000–15.000 төгрөгийн үнэтэй байжээ. Энэ үед төрөөс махны үнийг тогтворжуулах зорилгоор компаниудад хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн байна.

— Харин 2023 онд махны экспортод тодорхой хязгаарлалт хийж, дотоодын нийлүүлэлтийг хамгаалах арга хэмжээ авч, нөөцийн махны агуулах, бэлтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлжээ. Тухайн онд буюу 2023 онд  хонины мах 14.000,   үхрийн мах 16.000 болж нэмэгджээ  

—Тэгвэл энэ онд хонины мах 26.000 төгрөг, үхрийн мах 38.000 төгрөгт хүрсэн нь сүүлийн 5 жил дэх хамгийн өндөр үнэ болж байна. Үүнтэй холбогдуулан засгийн газраас “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, махны нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтэд төрийн оролцоог нэмэгдүүлээд байна.

—Ийнхүү төрөөс бизнес, зах зээлд хэт оролцож, нөөцийн мах их хэмжээгээр бэлтгэх, махны үнэ барих нь нийлүүлэлтийг хумиж, үнийн өсөлтийг улам дэвэргэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Стратегийн бүтээгдэхүүний үнийг төрөөс олон жилийн турш хүчээр барьж ирсэн нь эргээд тухайн салбараа уналтад оруулж, хувийн хэвшлийнхнийг боомилдог гол шалтгаан болдог гэдгийг эдийн засагчид шүүмжилдэг. Тэгвэл засгийн газраас өнгөрөгч долоо хоногт махны үнэ барих бодлогод оролцохгүй гэж байр сууриа илэрхийлж байсан ч ердөө хэдхэн хоногийн дараа хэлсэн үгнээсээ няцаж, зах зээлийг зохицуулах гэж оролдож буйн тод жишээ дараах хоёр яриа, шийдвэрээс харагдаж байна.

Хамгийн гол асуудал нь төр өөрийн хийх ёстой үндсэн ажлаа орхигдуулж, бизнесийн орчинд хэт гүн оролцож буй явдал гэж эдийн засагч үзэж байна. Өөрөөр хэлбэл, засгийн газрын үндсэн үүрэг бол мах зарж, үнэ тогтоох бус харин инфляц бууруулах, валютын ханшийг тогтвортой байлгах, тээвэр логистик, мал эмнэлэг, экспортын бодлогоо зөв удирдах зэргээр макро түвшний бодлогоор зах зээлийг дэмжих ёстой байна. Гэтэл өнөөдөр төр махны худалдаачин шиг ажиллаж, зах дээрх үнэ рүү анхаарч суугаа нь бодлогын түвшний сул дорой байдлыг харуулж байна гэдгийг шүүмжилж байгаа юм.

Бодит байдалд махны үнэ өсөж байгаа шалтгаан нь зөвхөн ченжүүд биш. Шатахууны үнэ, тээврийн зардал, төгрөгийн ханшийн уналт, малчдын зардал, өвс тэжээлийн үнэ мaхны хомсдол зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг байна. Энэ бүх суурь асуудлыг шийдэхгүйгээр зөвхөн нөөцийн мах гаргаж үнийг барих гэж оролдох нь түр зуурын улс төрийн арга хэмжээ төдий зүйл болж хувирахаас өөр үр дүнгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд төрөөс цахилгааны үнийг барьж ирсний гор нь өнөөдөр эрчим хүчний салбарын уналт гэх бодит жишээ бидэнд бий.