“Samsung” компанийн удирдлага болон үйлдвэрчний эвлэл тохиролцоонд хүрч, ажил хаялт цуцлагджээ

Пүрэв гарагт Самсунг электроникс компанийн удирдлага болон тус компанийн үйлдвэрчний эвлэл хиймэл оюуны эрэлтээс үүдэлтэй ашгийн хуваарилалт, цалин хөлсний асуудлаар хэлэлцээрт хүрч чаджээ. Тухайн өдөр Самсунг компанийн 40 мянга орчим ажилчин ажилт хаялт зарлахаар бэлтгэж байсан ч талууд сүүлчийн мөчид тохиролцоонд хүрсэн байна.

Самсунг компанийн удирдлагууд ажилчдынхаа цалинг 6.2 хувиар нэмэгдүүлэх, урамшууллын системийг сайжруулах, ажилчдын сайн сайхан байдлыг дэмжих сан байгуулах зэрэг нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрчээ. Дэлхийн зах зээл дээр хагас дамжуулагч болон хиймэл оюуны  чипийн эрэлт нэмэгдэж, компанийн ашиг өссөнтэй холбоотойгоор ажилчид хүртэх ёстой ашгаа шаардсаар байсан юм.

Уг тохиролцооны үр дүнд Самсунгийн хагас дамжуулагчийн үйлдвэрийн инженер, ажилчид энэ жил дунджаар 200-500 сая вон хүртэлх маш өндөр дүнтэй урамшуулал авахаар болж байна. Санхүүгийн жилд “Самсунг” компани ажилчдынхаа урамшуулалд нийт 26 тэрбум ам.доллар зарцуулах үүрэг хүлээгээд байна. Гэхдээ компанийн ажилчид урамшууллыг хувьцаа хэлбэрээр эсвэл бэлэн мөнгөөр авах гэсэн хоёр сонголтоос өөрсдийн сонголтоо хийх ажээ.
Тэгвэл энэхүү тохиролцоо нь өмнөд солонгосын эдийн засаг болон дэлхийн технологийн салбарын түүхэнд шинэ жишиг тогтоосон, урьд хожид үзэгдээгүй түүхэн үйл явдал болжээ. Самсунг групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн 50 гаруй жилийн турш ажилчдаа үйлдвэрчний эвлэл байгуулахыг хатуу хориглож, "Үйлдвэрчний эвлэлгүй менежмент"-ийн зарчмыг баримталж ирсэн байна. Харин 2019 онд анх удаа үйлдвэрчний эвлэл байгуулагдаж, 2024 онд түүхэн дэх анхны ажил хаялтаа зарлаж байсан бол энэ удаа засгийн газрын зуучлалтайгаар ажилчдын төлөөлөл томоохон тохиролцоог байгуулж, өөрсдөдөө ашигтай шийдвэрийг ийнхүү гаргуулж чаджээ.