Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп польш улс дахь цэргийн бааз руу 5000 цэрэг нэмж илгээх шийдвэрээ зарлалаа. Трампыг уг шийдвэрээ танилцуулахаас өмнө өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын засгийн газар Польш руу цэрэг илгээх төлөвлөгөөнөөсөө буцсан эсвэл түр хойшлуулсан гэх мэдээлэл цацагдаад байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэд ерөнхийлөгч Жд Вэнс Европын орнуудыг батлан хамгаалах зардлаа өөрсдөө хариуцан, Вашингтоны хамгаалалтын шүхэр доороос гарч, аюулгүй байдлаа бие даан сахин хамгаалахыг дахин сануулсан юм. Ойрх дорнодын бүс нутагт мөргөлдөөн дэгдсэнээс хойш АНУ-ын засгийн газар Ираны эсрэг цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүй, Ормузын хоолойн усан замыг чөлөөлөх чиглэлд огт идэвх санаачилга гаргаагүй холбоотнууддаа дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын засгийн газар Герман дахь баазаасаа цэргээ хэдийн татаж эхэлсэн бол энэ долоо хоногт Пентагон Польш руу шилжүүлэхээр төлөвлөж байсан 5000 цэргийн алба хаагчийн сэлгэлтийг цуцалсан гэгдэж байсан ч ерөнхийлөгч Доналд Трамп байр сууриасаа ухарсан бололтой.
АНУ-ын ерөнхийлөгч Трамп өөрийн шийдвэрээ польшийн үндсэрхэг үзэлт шинэ ерөнхийлөгч Карол Навроцкийтой тогтоосон ойр дотно, найрамдалт харилцаатай шууд холбон тайлбарлажээ. АНУ-ыг бүс нутгийн аюулгүй байдлын гол батлан даагч гэж үздэг Польш улсын ерөнхийлөгч Навроцкий батлан хамгаалах зардлаа ДНБ-ийхээ 5 хувьд хүргэхээ нэгэнтээ амласан байна.
Пүрэв гарагт Польшийн батлан хамгаалахын сайд Владыслав Косиняк-Камыш АНУ-ыг "Үлгэр жишээ, ган мэт бат бөх холбоотон" хэмээн тодорхойлжээ. Харин үүнээс ердөө хэдхэн хоногийн өмнө пентагон АНУ-ын хуурай замын цэргийн 1-р дивизийн 2-р хуягт бригадын 4,000 цэргийг Польш руу илгээх төлөвлөгөөг гэнэт цуцалсан нь НАТО-ын холбоотнууд болон АНУ-ын Конгрессын дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан юм.