Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 27-р тэмцээн энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй уг тэмцээнд ази тивийн 45 улс орны шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хурд, хүчээ сорьж байгаа юм. Уг тэмцээн зөвхөн медальтнуудыг тодруулах бус, мөн 9-р сард Япон улсын Нагоя хотноо болох азийн зуны 20-р спортын наадамд оролцох эрх олгох онцлогтой юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4 тамирчин өрсөлдөж байна.
Таеквондогийн азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-өөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус тэмцээнд нийтдээ 1300 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд энэ нь эх орноо Ази тивд сурталчлан таниулах, монголд таеквондогийн спортыг хүүхэд, залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивдээ олимпын чансааны өндөр оноо олгодгоороо онцлог. Энэ удаагийн тэмцээнд пүмсэний 9 дэх, тулааны 27 дахь, пара таеквондогийн 11 дэх удаагийн ангиллаар тивийн аваргуудыг тодруулах юм байна.
Энэ удаагийн тэмцээн нь монголын тамирчдын ур чадварыг дахин нотолж, шинэ амжилтын түүх бичих томоохон боломж юм. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 4 тамирчин өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар пүмсэ төрлөөс 2 хүрэл медаль хүртээд байна. Мөн дэлхийн чансаанд манай улсын тамирчин, хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар 200 гаруй улс орны 154 сая гаруй тамирчнаас пара төрлийн 1, 2 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Өмнө нь манай улсын тамирчид насанд хүрэгчдийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байсан нь монголын таеквондогийн спортын хөгжлийн түвшин илтгэн харуулдаг байна түүнчлэн уг тэмцээнд дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч доктор Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тус холбооны үзүүлэн тоглолтын баг болох авьяаслаг америкчууд шоуны “Алтан баззер”-ийн эзэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулсан байна.