Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, 67.7 хувиар дэмжигдлээ. Нийгэмд хүлээлттэй байгаа тус хуулийн төсөл нь богино хугацаанд эдийн засагт 0.7 хувийн өсөлт үзүүлнэ гэж сангийн сайд онцолсон. Гэвч өнгөрсөн хугацаанд татварын хэмжээг нэмэгдүүлсэн хэр нь уг хуулийн төслөөр хэсэгчлэн өөрчилнө гэдэг нь иргэдэд бодит дэмжлэг болж чадахгүй гэж зарим гишүүд шүүмжилсэн байна.
Улсын эдийн засгийн гадаад эрсдэлийг бууруулах, инфляцын дарамтыг сааруулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтвортой хадгалах зорилгоор татварын багц өөрчлөлтийг боловсруулсан бөгөөд иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг үе шаттайгаар нийт 2.2 их наяд төгрөгөөр бууруулахаар тооцжээ. Хэлэлцүүлгийн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд татварын дарамтыг бууруулах, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын тогтолцоог илүү ойлгомжтой, уян хатан болгох шаардлагатай байгааг УИХ-ын зарим гишүүд хэллээ. Мөн өнгөрсөн хугацаанд татвар төлөгч нарт дарамт болохуйц татварыг нэмэгдүүлчихээр 1, 2 хувийн татварыг хөнгөлнө гэдэг бодит дэмжлэг болохгүй гэж гишүүд шүүмжилж байна.
Тэгвэл татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд татвар төлөгчийг торгох, дансыг шууд битүүмжлэхээс илүүтэй урьдчилан анхааруулж, алдаа зөрчлөө өөрөө засах боломж олгох зохицуулалтууд тусгагдсан байна. Мөн татвар төлөгчдөд өндөр хэмжээний алданги үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтоох, татварын актад гомдол гаргасан тохиолдолд маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл алданги, торгууль нэхэмжлэхгүй байх зэрэг зохицуулалтууд тусгагдсан байна.
Түүнчлэн олон улсын татварын мэдээлэл солилцооны стандартыг хэрэгжүүлэх хүрээнд татварын мэдээллийг автоматаар солилцох эрх зүйн зохицуулалтыг тус хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ. Ингэснээр татвараас зайлсхийх, хууль бус санхүүгийн урсгалыг бууруулах, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.