УИХ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа

Мөн өнгөрсөн баасан гарагт УИХ-аар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа. Хуулийн өөрчлөлтөөр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг төрийн хүнд суртал болон эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурах хүлээлттэй байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар байгаль орчны үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрөлтэй 110 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь эдгээр компаниуд төслийн цар хүрээнээс үл хамааран бүх шатанд үнэлгээ хийдэг байсан бөгөөд ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэхэд аж ахуйн нэгжүүд 150-аас 200 хоногийг зарцуулдаг байсан нь томоохон хүнд суртал болдог байжээ. Тэгвэл өнөөдөр батлагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн өөрчлөлтөөр төсөл хөтөлбөрүүдийг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөр нь 3 зэрэглэлд хуваасан байна. 

1-р зэрэглэл: Уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүд хамаарагдах бөгөөд ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх хуучин зохицуулалт хэвээр үлдэнэ.

2-р зэрэглэл: Аймаг, нийслэлийн хэмжээнд ерөнхий үнэлгээ нь хэлэлцэгдэж, ажил нь эхлэх төслүүд хамаарагдах бол

3-р зэрэглэл: Үсчин, гоо сайхан, авто угаалга, сургууль, эмийн сан гэх мэт үйлчилгээнүүд багтаж үнэлгээ хийлгэх шаардлагагүй, зөвхөн яаманд мэдэгдэл өгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой юм байна.

Салбарын яамны зүгээс хяналтын чиг үүргээ орон нутгийн байгаль орчны газруудаар дамжуулах үйл ажиллагааг хэвээр хадгална гэдгээ мэдэгдлээ. Цаашид ойн тухай, усны тухай, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг томоохон хуулиудыг ирэх намрын чуулганаар батлуулахаар төлөвлөжээ.