Куба улс хүнсний хямралыг даван туулахад стратегийн дэмжлэг үзүүлсэн БНХАУ-д талархал илэрхийллээ

Куба улсад нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж байгаа энэ цаг үед БНХАУ-аас 15 мянган тонн цагаан будааны эхний багц тусламж Ням гарагт Хавана хотын боомтод хүрэлцэн очжээ. Куба улсын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель Хятад улсын засгийн газрын шийдвэрийг хоёр орны уламжлалт, ахан дүүсийн найрамдалт харилцаа болон эв санааны нэгдлийн том илэрхийлэл хэмээн тодорхойлж, гүн талархал илэрхийлсэн байна.

БНХАУ-аас Куба улсад үе шаттайгаар нийт 60 мянган тонн цагаан будаа нийлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ нь тус улсын 11 сая орчим хүн амын нэг сарын үндсэн хэрэгцээг нөхөх хэмжээ юм.

Куба улс нь дотоодын хүнсний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор хангадаг. Үүндээ жил бүр 300 сая гаруй ам.доллар зарцуулдаг төдийгүй түлш, бордоо, дэд бүтцийн хомсдолоос шалтгаалан дотоодын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь сүүлийн жилүүдэд 90 гаруй хувиар унаад байгаа юм байна. Харин Хятад улсын хүмүүнлэгийн тусламж нь хүнсний хомсдол нүүрлэсэн нийгмийн эмзэг бүлэг болон эмнэлэг, боловсролын байгууллагуудыг нэн шаардлагатай тэжээлээр хангах шууд ач холбогдолтой ажээ.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар зөвхөн хүнсний тусламжаар хязгаарлахгүй, Куба улсын эрчим хүчний салбарыг сэргээх, дэд бүтцийг шинэчлэхэд зориулж 80 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ нь арлын оронд үүсээд байгаа цахилгаан эрчим хүчний тасалдлыг бууруулах, эдийн засгийн үндсэн салбаруудыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэж Кубын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Кубын эсрэг АНУ-ын үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа эдийн засаг, худалдаа, санхүүгийн олон жилийн хориг арга хэмжээ улам чангарч, олон улсын банкны гүйлгээ хийх боломж хязгаарлагдмал байгаа энэ үед БНХАУ ийнхүү цогц дэмжлэг үзүүлж байгаа нь хоёр орны стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, арлын орны гадаад харилцааны орон зайг хамгаалж байна. Дэлхийн худалдааны байгууллагын мэдээллээр хоёр орны жилийн бараа эргэлт ойролцоогоор 914 сая ам.долларт хүрдэг нь Куба улсын худалдааны амин чухал сүнс нь Хятад улс болохыг илтгэж байна. Мөн Хятад нь Венесуэлийн дараа орох Кубын хоёр дахь том худалдааны түнш нь юм.