БНХАУ-ын нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 82 хүн амь үрэгджээ

Энэ сарын 23-ны өдөр БНХАУ-ын Хойд нутгийн Шаньси мужид байрлах нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 82 уурхайчин амь үрэгдэж, 2 хүн сураггүй алга болсон талаар холбогдох албанаас мэдэгджээ. Энэ нь тус улсад 2009 оноос хойш гарсан хамгийн олон хүний амь насыг авч одсон уул уурхайн салбарын осол гэж бүртгэгдээд байна

Дэлбэрэлт болох үед уурхайн гүнд нийт 247 уурхайчин шөнийн ээлжид  үүрэг гүйцэтгэж байжээ. Ослын дараа шуурхай ажиллагаа явуулж 100 гаруй уурхайчныг аварсан бөгөөд тэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдэгдлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин шархадсан хүмүүсийг аврах, амьд үлдсэн байж болзошгүй хүмүүсийг эрэн хайх ажилд бүх хүч чадлаа дайчлахыг үүрэг болгосон юм. Мөн Хятадын төрийн зөвлөлөөс уг ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд аюулгүй байдлын алдаа гаргасан, буруутай нь тогтоогдсон этгээдүүдэд хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл ногдуулахаа албан ёсоор мэдэгдлээ.

Дэлбэрэлт болохоос өмнө уурхайн гүнд байрлах мэдрэгчүүд ажиллаж, өнгө, үнэргүй, маш хортой хий болох нүүрстөрөгчийн дутуу исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэх дохиог өгсөн гэж хятадын хэвлэлээр мэдээллээ.

Одоогоор ослын шалтгаан бүрэн тодорхойгүй байгаа ч шинжээчид уурхайн агааржуулалтын систем муу байснаас метан хий болон нүүрстөрөгч дутуу исэл  хуримтлагдсан байх магадлалтай гэж үзэж байна. Улмаар уурхайн гүнд ажиллаж байсан хүнд машин механизмын цахилгааны утас эсвэл тоног төхөөрөмжөөс цахилгааны оч үсэрснээр хуримтлагдсан хий шууд дэлбэрсэн байх өндөр магадлалтай байна.