Зөвхөн 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс хойш нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлнэ

Ирэх долоо хоногийн Даваа гараг буюу 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг нас барсан иргэдийн хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэх ажил эхэлнэ. Өв залгамжлалын энэхүү зохицуулалтад 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойших хугацаанд нас барсан иргэдийн ар гэр, хууль ёсны өвлөгчид хамаарах юм байна. Өвлөгч иргэн эхлээд нас барсан хувьцаа эзэмшигчийн амьдарч байсан аймаг, сум, дүүргийн засаг даргаж хандан шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, мөн харьяа нотариатад хандсанаар өвлөх эрх нь нээгдэх юм.

Засгийн газрын “Чөлөөлье- санаачилгын хүрээнд нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцаа болон түүний ногдол ашгийг өвлүүлэх шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу нас барсан 135 мянга 780 иргэний ”Эрдэнэс Тавантолгой” ХК дахь 110.9 сая ширхэг хувьцаа, нийт 73 тэрбум төгрөгийн ногдол ашиг хууль ёсны өвлөгчид шилжихээр байна.

Үүнд 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс хойш нас барсан иргэний ар гэрийнхэн хамаарах юм байна. Өөрөөр хэлбэл, өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан, хууль ёсны өвлөгч нар хүсэлт гаргах эрхтэй. Харин 2023 оны 12-р сарын 31-ний өдрөөс хойш төрөөд нас барсан иргэдэд тус зохицуулалт хамаарахгүй. Учир нь тус өдрөөс хойш төрсөн иргэдэд өнөөг хүртэл нэг ч хувьцаа хуваарилаагүй байна.

Хувьцааг өвлөгч нь нийт 5 алхам хийх бөгөөд нэгдүгээрт өөрийн гар утасны дугаараас 158989 дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр бичиж илгээснээр тухайн өвлүүлэгчид хэдэн хувьцаа байгаа тухай мэдээллийг мэдэх боломжтой.

Ингэснээр өвлөн авагч нь гол нотлох баримт болох захиргааны баримт бичиг бүрдүүлэх ажлыг эхлүүлж нэн тэргүүнд сум эсвэл хорооныхоо засаг даргаас нас барсан иргэний сүүлийн оршин сууж байсан хорооны засаг даргын тодорхойлолт нас барсны гэрчилгээ,  мөн хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар хэрэв тус хуулбар байхгүй бол засаг даргын тамгатай тодорхойлолт авна. Харин улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээнээс өөрийн иргэний үнэмлэхтэйгээ очиж төрөл садангийн лавлагаа авах юм байна.

Ингэснээр өвлөгч иргэн та нотариатаар баталгаажуулах ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ Монгол улсын иргэний хууль болон нотариатын тухай хуулиар өв залгамжлалын хэргийг дуртай нотариат дээрээ очиж шийдүүлж болдоггүй, заавал хуулиар тогтоосон харьяаллын дагуу шийдвэрлэдэг. Тиймээс нас барсан иргэний хамгийн сүүлд оршин сууж байсан бүртгэлтэй аймаг, сум, дүүргийн харьяалалд буй аль ч нотариат дээр очих боломжтой. Ингэснээр таны бүрдүүлсэн материалыг шалгаж, нотариатч танд “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгон, мэдээллийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү цахимаар шууд илгээнэ.

Өвлөн авагч нь өөрийн нэр дээр үнэт цаасны данстай байх ёстой байна. Үүнийг E-Mongolia системээр шалгах боломжтой бөгөөд хэрэв дансгүй бол E-Mongolia-гаар дамжуулан брокерын компанид дансаа шууд нээлгэх боломжтой.

Энэ бүх үйл ажиллагааны дараагаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаа болон ногдол ашгийг өвлөгчийн дансанд баталгаажуулж оруулна. Ингэснээр өвлөгч өөрийн брокерын компанид хандан, ногдол ашгийн мөнгөө арилжааны банкны данс руугаа шилжүүлэн авах юм байна.

Хууль ёсны өвлөгчид 6-р сарын 1-ээс эхлэн холбогдох захиргааны баримт бичгийг бүрдүүлэн, харьяа хууль тогтоох, бүртгэлийн байгууллага болон нотариатад хандаж, өвлөх эрхээ баталгаажуулахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зөвлөжээ.

Хэн өвлөн авах вэ?
Хугацаа: 2011 оны 3 дугаар сарын 31-ээс хойш нас барсан иргэдийн ар гэрт хамаарна
/Санамж: 2023 оны 12 дугаар сарын 31-ээс хойш төрөөд нас барсан иргэдэд хамаарахгүй/
Хэн: өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан, хууль ёсны өвлөгч нар хүсэлт гаргаж авна
1-р алхам: хувьцааны тоогоо шалгах
Хийх үйлдэл: Та гар утаснаасаа 158989 дугаарт нас барсан гэр бүлийн гишүүнийхээ регистрийн дугаарыг кирилл том үсгээр бичиж мессеж илгээнэ.
Үр дүн: Таны утсанд хэдэн хувьцаа байгаа тухай мэдээлэл мессежээр ирнэ.
2-р алхам: Захиргааны баримт бүрдүүлэх
Сум эсвэл хорооныхоо засаг даргаас дараах баримтуудыг авна:
Нас барсан иргэний сүүлийн оршин сууж байсан хорооны засаг даргын тодорхойлолт /нас барсны гэрчилгээ хамт байна/
Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /байхгүй бол засаг даргын тамгатай тодорхойлолт/
Улсын бүртгэл:
Төрөл садангийн лавлагаа /улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээнээс иргэний үнэмлэхтэйгээ өөрөө очиж авна/
3-р алхам: Нотариатад хандах
Бүрдүүлсэн баримтуудаа аваад өв нээгдсэн газрынхаа нотариатч дээр очно.
Нотариатч танд “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгож, мэдээллийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү цахимаар шууд илгээнэ. /та өөрөө биечлэн очих шаардлагагүй./
4-р алхам: Үнэт цаасны дансаа шалгах, нээх
Өвлөн авагч та өөрийн нэр дээр үнэт цаасны данстай байх ёстой.
Данстай эсэхээ E-Mongolia системээр шалгана. Хэрэв дансгүй бол E-Mongolia-гаар дамжуулан брокерын компанид дансаа шууд нээлгээрэй.
5-р алхам: Мөнгөө хүлээн авах
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаа болон ногдол ашгийг таны дансанд баталгаажуулж оруулна.
Үүний дараа та өөрийн брокерын компанид хандан, ногдол ашгийн мөнгөө өөрийн арилжааны банкны данс руугаа шилжүүлэн авснаар үйл ажиллагаа дуусна.