Өнгөрсөн 4-р сард манай улсын БНХАУ-руу экспортолсон нүүрсний хэмжээ эрс өссөн үзүүлэлттэй байна. Хэдийгээр уг өсөлт нь нэг талдаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг тэлэх эерэг үр нөлөөтэй боловч нөгөөтээгүүр иргэдийн амьдралд шууд үзүүлэх нөлөө харьцангуй бага байгаа юм. Энэ нь манай улсын эдийн засаг ганцхан салбараас шууд хамааралтайгаас гадна баялгийн хуваарилалт тэгш бус байгаатай холбоотой гэж эдийн засагч хэлж байна.
-
Ердөө 4 жилийн өмнө буюу 2022 онд манай улс 32 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ тоо жил бүр тогтвортой өссөөр, өнгөрөгч 2025 онд 90 сая тоннд хүрч бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон. Энэ нь экспортын хэмжээ 4 хүрэхгүй жилийн дотор даруй 3 дахин үсрэлт хийснийг харуулж байна.
-
Тэгвэл зөвхөн өнгөрөгч 4-р сард Монгол улс БНХАУ-д 11.3 сая тонн нүүрс нийлүүлсэн нь тус улсын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр гүйцсэн үзүүлэлт болжээ. Индонез улс өнгөрөгч сард БНХАУ-д 11 сая тонн нүүрс экспортолсон байна.
-
Ингэснээр он гарсаар манай улсын энэ оны эхний 4 сарын нийт нүүрсний экспортын биет хэмжээ 39 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс даруй 60 гаруй хувиар өссөн байна.
-
Манай улс энэ онд нийт 95 сая тонн нүүрс экспортлохоор түүхэн дэх хамгийн өндөр зорилтоо тавиад байгаа. Оны эхний 4 сард энэ зорилтынхоо 40 хувийг даваад байгаа бөгөөд зөвхөн энэ эрчээрээ үргэлжлүүлбэл жилийн төлөвлөгөөгөө хангалттай давуулан биелүүлэх бодит боломж бүрдээд байгааг эдийн засагчид онцолж байна.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс 4-р сард БНХАУ-руу 11 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь сарын үзүүлэлтээр тэргүүлж байгаа ч оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-ын эрчим хүчний найдвартай түнш нь Индонез улс хэвээр байгааг тоо баримт харуулж байна. Цаашлаад шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-ын дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж, үнэ хямдарсан нь хуурай замаар, коксжих нүүрс нийлүүлдэг манай улсад томоохон давуу тал болжээ.
Хэдийгээр нүүрсний экспорт өссөн ч үзүүлэх үр нөлөө анхаарал татаж байна. Тухайлбал төсвийн хэт эерэг төсөөллөөс үүдэн манай улсын 4-р сарын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оноос 25 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Улмаар төсвийн тодотгол хийх шаардлага үүсээд байгаа бөгөөд дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн орлого хэрхэн бүрдэх эсэх нь эргэлзээтэй. Цаашлаад алдагдлыг нөхөх асуудал яригдаж байгаа энэ үед нүүрсний үнийг бид биш гадаад зах зээл тогтоох юм.
Түүнчлэн иргэдийн амьжиргааны түвшин доройтож, нийгмийн давхаргын ялгаа нэмэгдэж байгаа энэ үед нүүрсний экспортын өсөлт дотооддоо үзүүлэх нөлөө харьцангуй бага. Угтаа манай улсын эдийн засаг уул уурхайн салбартаа түшиглэдэг ч гадаад зах зээлийн нөлөөнд хэт эмзэг. Ингэхдээ тус салбарын өсөлт иргэдэд хүртээмжгүй төдийгүй экспортын орлого буурах үед ачааны хүндийг иргэд үүрдэг юм. Өөрөөр хэлбэл баялгийн хуваарилалт тэгш бус, байндаа тусаагүй болохыг илтгэж байна.
Угтаа улсын эдийн засгийн өсөлт ганцхан салбараас хамаарал бүхий гадаад зах зээлийн савлагаанд өртөмтгий байх нь өндөр эрсдэлтэй. Цаашлаад төсвийн данхар бүтэц, үрэлгэн зарцуулалтаас үүдэн өнөөдөр өссөн ч маргааш нь хэрхэх нь эргэлзээтэй эмзэг байдлыг бий болгож байгааг мэргэжилтнүүд онцоллоо.