Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын олон сайхан ээжүүд “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаалаа. Өнгөрсөн жил 14 мянган ээж “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж байсан бол энэ жил багасаж 12 мянга гаруй ээж “Эхийн алдар” 1,2-р зэргийн одонгоор шагнагдаж байна.
Энэ жил улсын хэмжээнд 12.306 ээж “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон хүртэж байна тэдний дундаас хамгийн залуу ээж 22 настай байна. “Алдарт эх” одон нь Монгол улсын төрөөс олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд олгодог нэр хүндтэй шагнал бөгөөд жил бүр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гардуулдаг уламжлалтай. Нэг хүүхэдтэй айл өрх олширч, төрөлт буурч буй өнөө үед олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийг төрөөс ийнхүү үнэлэн урамшуулж байгаа нь гэр бүлийн үнэ цэнэ, эх хүний хөдөлмөрийг дэмжиж, монгол төрөөс хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл хэмээн монгол улсын ерөнхийлөгч онцолж байна.
“Алдарт эх” одон нь зөвхөн шагнал бус, монгол гэр бүлийн уламжлал, эх хүний хайр халамж, тэвчээрийг илэрхийлсэн төрийн хүндэтгэл билээ. Энэ хүрээнд ч алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүд баяртай байгаагаа илэрхийлж байна.
Гэвч “Алдарт эх” одон авч байгаа ээжүүдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан байна . Тухайлбал, өнгөрсөн онд 14.480 ээж энэхүү шагналыг хүртэж байсан бол энэ жил 2000 гаруйгаар буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд төрөлт буурч байгаа нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон гэрлэх, төрөх нас хойшилж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэг эмэгтэйн төрүүлэх нийт хүүхдийн тоо буюу төрөлтийн коэффициент 1963 онд 7.9 байсан бол 2025 онд 2.2 болж буурчээ. Тиймээс хүн амын өсөлтийн хурд тасралтгүй саарсаар хүн ам зүйн байдал өөрчлөгдөхөд хүрч байгаа тул амьдралын мөчлөгт суурилсан бодлого, төлөвлөлт шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Цөөн хүн амтай, хөгжиж буй улс орны хувьд хүн амын өсөлт буурах нь нийгэм, эдийн засагт олон сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг. Тухайлбал, хөдөлмөрийн насны хүн амын тоо цөөрч, ахмад настнуудын эзлэх хувь нэмэгдэх нь тэтгэврийн тогтолцоонд томоохон дарамт учруулах эрсдэлийг дагуулж байна. Хэдийгээр төрөлтийг дэмжих халамжид суурилсан бодлого хэрэгжиж байгаа ч хүн амын өсөлт буурч буй нь энэ чиглэлийн бодлого, төлөвлөлт хангалтгүй байгаагийн илрэл хэмээн судлаачид үзэж байна. Гэсэн хэдий ч олон хүүхэд төрүүлж, ирээдүйн иргэдийг өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн үүрэг, хөдөлмөр нийгэмд өндөр үнэлэгдсээр байгаа юм.