Хэлэлцээний үеэр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Ираны цэргийн дэд бүтцийг бөмбөгдөв

АНУ-ын армийн төв командлал Ираны өмнөд хэсэг, тэр дундаа стратегийн чухал бүс болох ормузын хоолойн орчимд "Өөрийгөө хамгаалах зорилготой" агаарын цохилт өгснөө мэдэгдлээ. Энэхүү агаарын довтолгоогоор ормузын хоолойн усан доор мина суурилуулахаар оролдож байсан Ираны цэргийн завинууд болон бүс нутаг дахь пуужин харвах талбайнуудыг онилон устгасан байна. 

Ойрх дорнодын хэвлэлээр Ираны тэнгисийн цэргийн гол бааз байрладаг Бандар-Аббас боомт хотын орчимд дэлбэрэлтүүд сонсогдсон бөгөөд орон нутгийн эрх баригчид хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна гэж мэдээллээ. АНУ-ын армийн төв командлалын хэвлэлийн төлөөлөгч, ахмад Тим Хокинс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа түр гал зогсоох тохиролцоог чанд хүндэтгэн дагаж байгаа боловч өөрийн цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Ираны шууд заналхийллийн эсрэг ийм алхам хийхээс өөр аргагүй байсан гэдгийг тодотголоо. Тэгвэл Катар улсын Доха хотноо АНУ, Ираны хооронд дайныг зогсоох урт хугацааны хэлэлцээ үргэлжилж байгаатай зэрэгцэн агаарын цохилт өгсөн нь бүс нутгийн дипломат нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгож байна.

Яг энэ цаг үед Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи болон тус улсын парламентын дарга Мохаммад Багер Галибаф тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид Катар дахь уулзалтад хүрэлцэн ирээд байгаа юм. Талууд цаашид 60 хоногийн хугацаатай харилцан итгэлцлийн санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа ч үндсэн гурван гол асуудал дээр байр сууриа хатуу хамгаалж байгаагийн улмаас хэлэлцээ удаашрах төлөвтэй байна. 

Нэн тэргүүнд Ираны ураны нөөцийн ирээдүйн талаарх талцал маргаан хэлэлцээр байгуулахад хамгийн том саад бэрхшээл болж байна. АНУ-ын засгийн газар Ираны баяжуулсан ураны бүх нөөцийг  олон улсын хяналтад авахыг шаардаж байна. Харин техран зарчмын хувьд баяжуулсан ураныг устгахыг зөвшөөрсөн ч үүнийг хэрэгжүүлэх нарийн удирдамж, техникийн нөхцөл дээр хараахан тохиролцож чадаагүй байна гэж мэдээлж байна. 2-рт ормузын хоолойн хяналтын асуудал дипломат сөргөлдөөний гол цэг болж байна. АНУ ормузын хоолойг ямар нэгэн татвар, хураамжгүйгээр олон улсын чөлөөт тээвэрт нээлттэй байлгах ёстой гэсэн хатуу шаардлага тавьж байгаа бол Иран улс ормузын хоолойн хяналтыг өөрийн үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын "Улаан шугам" хэмээн үзэж, буулт хийхээс татгалзаж байгаа юм. 3-р дугаарт санхүүгийн хоригтой холбоотойгоор Иран улс хэлэлцээрт гарын үсэг зурах урьдчилсан нөхцөл болгож, катарт царцаагдсан байгаа өөрийн эзэмшлийн 12 тэрбум ам.долларын хөрөнгийг нэн даруй чөлөөлөхийг шаардсаар байна.