Токио хотын тансаг зэрэглэлийн худалдааны төвд үл мэдэгдэх бодис алдагдаж, 19 хүн эмнэлэгт хүргэгджээ

Даваа гарагт Японы нийслэл Токио хотын төв, Гинза дүүрэгт байрлах нэгэн худалдааны төвд онцгой байдал зарлаж, олон тооны аврагчдыг дайчилжээ. Тухайлбал даваа гарагт “ginza six” хэмээх худалдааны төвийн 1-р давхарт байрлах бэлэн мөнгөний АТМ машины орчимд хурц, эхүүн үнэр гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ. 

Хэргийн газарт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа болон гал сөнөөгчид худалдааны төвийн нэг давхарт үйлчлүүлж байсан 30 орчим хүн гэнэт ханиалгаж, хоолой нь боогдон, бие нь тавгүйрхсэн шинж тэмдэг илэрснийг тогтоосон байна. 

Харин цагдаа нар 20 орчим хүнийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн байна. Хордсон иргэдийн хоолой нь хорсож, мэдээ алдсан мэт мэдрэмж төрсөн гэж гэрчүүд хэвлэлд ярьсан бөгөөд шуурхай тусламж үзүүлсний ачаар тэдний хордлогын зэрэг хөнгөн, ухаан алдсан хүн байхгүй гэж мэдээллээ. 

Токио хотын цагдаагийн газрын урьдчилсан мөрдөн байцаалтаар, нэгэн үл таних эрэгтэй АТМ-ын бүхээг орчимд шингэн зүйл цацаад хэргийн газраас зугтсан нь тогтоогджээ. 

Мэргэжилтнүүд хананаас чили чинжүүний найрлагатай, амьсгал боогдуулагч "перец" буюу нулимс асгаруулагч хийн мөрийг илрүүлсэн байна. Одоогоор цагдаагийн байгууллага уг үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж, зугтсан сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар эхлүүлээд байна.