Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо

Өчигдөр НИТХ-ын ээлжит бус 12-р хурал хуралдаж хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Тэгвэл НИТХ-ын хурлын дараагаар цаг хүрэхгүй хугацаанд ерөнхий сайд батламжилж, Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь даргаар томилогдлоо.

НИТХ-ын хурлаар МАН-ын удирдах зөвлөл, нийслэлийн МАН-ын хорооноос Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлсэн. Улмаар НИТХ-ын ээлжит бус 12-р хурлаар НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь, хуралд оролцогсдын 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид томилохыг дэмжсэн юм.

Тэгвэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь хотын дарга болбол хамгийн эхэнд зам, бетон, цементээс илүү иргэд рүүгээ чиглэсэн ногоон байгууламж бүтээн байгуулах ажлыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Мөн өмнөх хотын даргын эхлүүлсэн мега төслүүдэд шалгалт явуулж, Нийслэлийн ажилд эрэмбэ гарган, шат дараалалтай явуулах байна. Түүнчлэн туулын хурдны зам зэрэг маргаан дагуулсан төслүүдэд иргэдийн дэмжлэгийг авсан цагт хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ. 

Мөн  дайны нөхцөл байдал болон Нийслэлийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд  Нийслэлийн төсөвт ирэх 6 сард тодотгол хийнэ гэдгээ хэлсэн юм. Тэгвэл НИТХ-ын хурлын дараагаар цаг хүрэхгүй хугацаанд ерөнхий сайд дараагийн хотын даргад нэр дэвшээд буй Б.Пүрэвдагвийг батламжилж, засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Батцэцэг тамга тэмдгийг гардуулан өгсөнөөр Улаанбаатар хотын 37 дахь даргаар томилогдож байна.