Монгол улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг өмнөх оноос 4.5 хувиар өсжээ. Зөвхөн энэ оны эхний улиралд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр иргэд цахим залилангийн улмаас 8.5 тэрбум төгрөгийн хохирол амссан байна. Үүнтэй холбогдуулан орон даяар “Цахим залилангаас сэргийлье" үндэсний аян өрнөж байна. Аяны хүрээнд нийт 25 арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мөн цагдаагийн байгууллага, прокурор болон арилжааны банкнууд хамтран 24 цагаар шуурхай баг ажиллуулж, иргэдийн алдсан мөнгийг хугацаа алдалгүй цахим дансанд нь царцаах арга хэмжээг авч эхэлсэн нь тодорхой үр дүнтэй байна.
Ердөө ганц удаагийн үйлдэл, санамсаргүй байдал нь хэн нэгний насаараа хураасан хуримтлал, дансан дахь хамаг мөнгийг нь үгүй хийх боломжтой. Залилагчид төрөл бүрийн аргаар иргэдийг хохироосоор байна.
Энэ бол зөвхөн хоёрхон иргэнд тохиолдсон явдал биш. Өнөөдөр улсын хэмжээнд цахим залилангийн хохирогч болоогүй гэр бүл, танил тал бараг үлдээгүй гэж хэлэхэд хилсдэхгүй ээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд цахим залилангийн хэрэг 4.5 хувиар өсөж, 12 мянга давжээ. Тэгвэл тус нөхцөл байдалтай тэмцэж, иргэдийг хамгаалах зорилгоор цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цагдаагийн ерөнхий газар, харилцаа холбооны зохицуулах хороо, монголын банкны холбоо, жайка олон улсын байгууллагатай хамтран орон даяар “цахим залилангаас сэргийлье” үндэсний аяныг хэрэгжүүлж байна.
Иргэд цаг алдаж хохирсоор байгаа тул цагдаагийн байгууллага, Нийслэлийн прокурорын газар болон арилжааны банкнууд хамтран 24 цагийн шуурхай баг ажиллуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс нь 2026 оны I улиралд 8,5 тэрбум төгрөгийн хохиролтой 1342 гомдол хүлээн авснаас 51,7 хувь буюу 4,4 тэрбум төгрөгт хязгаарлалт тогтоосон байна. Үүнээс иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр 36 иргэний 343 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн сайн мэдээтэй байна. Тэгвэл технологийн хөгжлийн хэрээр залилагчдын арга барил улам нарийсаж байгааг тус хэлтсээс анхааруулж байна.
Цагдаагийн байгууллагаас эх үүсвэр нь тодорхойгүй ямар ч линк, хаяг руу нэвтрэхгүй байх, банкны нууц мэдээлэл болон гар утсанд ирэх нэг удаагийн ОТР кодыг хэнд ч дамжуулахгүй байхыг дахин дахин анхааруулж байна. Хэрэв та залилуулсан бол цаг алдалгүй 102 болон 5126-5666 дугаарт хандснаар таны алдсан мөнгө буцаагдах юм.