“Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 27-р тэмцээн” энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Ази тивийн 45 улс орны шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хурд, хүчээ сорилоо. Пара төрлийн аваргын алтан медалийг хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Монгол улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нар хүртсэн байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү тэмцээн нь зөвхөн медальтнуудыг тодруулах бус, есдүгээр сард Япон улсын Нагоя хотод болох Азийн зуны XX спортын наадамд оролцох эрх олгох онцлогтой юм. Манай улс өнөөдрийн байдлаар 2 алт, 2 хүрэл медаль хүртээд байна. Пара таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн аваргын төлөөх тулаанд “парис-2024” паралимпын аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Узбекистаны тамирчин Рустамова Каромататай тулалдан, 2:1-ээр ялалт байгуулснаар тивийн аварга болсон байна.
Энэ удаагийн тэмцээн нь монголын тамирчдын ур чадварыг дахин нотолж, шинэ амжилтын түүх бичих томоохон боломж болж байна. Дэлхийн чансаанд Монгол улсын тамирчин, хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар 200 гаруй улс орны 154 сая гаруй тамирчнаас пара таеквондогийн төрөлд 1, 2 дугаарт эрэмбэлэгдэж байна. Ийнхүү тэд чансааны оноогоороо олимпын эрх авах, мөн Япон улсын Нагоя хотод болох азийн зуны XX спортын наадамд оролцох боломжоо баталгаажуулаад байна. Түүнчлэн таеквондогийн азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар хүүхэд залууст энэ спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлсэн гэх мэт олон давуу талтай байна.
Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буй нь монгол улсыг Ази тивд сурталчлан таниулах, таеквондогийн спортыг хүүхэд, залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх, мөн эдийн засаг, аялал жуулчлалын салбарт чухал ач холбогдолтой юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивдээ олимпын чансааны өндөр оноо олгодгоороо онцлогтой. Түүнчлэн энэ удаагийн тэмцээн монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцгой ач холбогдолтой болж байна.