Техраны дотоод хагарал туйлдаа хүрч, Ираны ерөнхийлөгч огцрох өргөдлөө өгчээ

Техран, Вашингтоны хооронд ойрх дорнодын хямрал, Ормузын хоолойн саатлыг арилгах дипломат хэлэлцээ өрнөж байгаа эгзэгтэй үед ираны ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох өргөдлөө шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеид өргөн барьсан гэх дуулиант мэдээлэл өрнөдийн хэвлэлээр цацагдаж эхэллээ. Энэ нь хэлэлцээ мухардалд орсон тул Ираны дотоод хагарал туйлдаа хүрсэнтэй холбоотой гэж бүс нутгийн болон барууны тагнуулын эх сурвалжууд мэдэгдсэн байна.

Иран улсын ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд нар АНУ-ын эдийн засгийн хоригийг цуцлахын тулд энхийн хэлэлцээрийн зарим заалтууд дээр буулт хийх сонирхолтой байсан ч хувьсгалт гвард болон парламентын дарга Мохаммад Багер Галибаф тэргүүтэй шашны хатуу чиг баримжаатай улс төрчид үүнийг "Үндэсний эрх ашгаас урвасан үйлдэл" гэж үзэн хүчтэй шахалт үзүүлсэн тул Масуд Пезешкян өргөдлөө өгөхөөс өөр аргагүй болсон гэж мэдээлж байна. 

Одоогоор Ираны төрийн хэвлэл болон албаныхан уг мэдээллийг албан ёсоор батлаагүй ч мөн эрс няцаахгүй байгаа юм байна. Даваа гарагт Ираны шашны дээд удирдагч Али Хаменеи  уг өргөдлийг хүлээн авч, засаг захиргааг тараах, эсвэл гал зогсоох тухай яриа хэлэлцээг үр дүнд хүргэхийн тулд ерөнхийлөгч Масуд Пезешкянийг суудалд нь үлдээх талаар эцсийн шийдвэрийг гаргахаар Техраны зөвлөлийг хуралдуулж байгаа ажээ.

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян бол ард түмнээс сонгогдсон гүйцэтгэх засаглалын тэргүүн ч бодит байдал дээр хувьсгалт гвард болон шашны зөвлөл түүнийг "зүгээр л заавар биелүүлэгч" байлгахыг шаардаж байгааг шинжээчид хэлж байна. Пезешкян өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэндээ бухимдан ийнхүү өргөдлөө өгсөн гэж үзэж байна. 

Үүнтэй зэрэгцэн Доналд Трамп АНУ, Ираны хэлэлцээрийн төслийг хянасныхаа дараа гарын үсэг зуралгүй, нөхцлүүдийг өөрчлөх шаардлага тавьсан нь Техраныг тэвдүүлэхэд хүргэжээ. Ираны иргэдийн дунд явуулсан асуулгаар судалгаанд оролцогчдын 78 хувь нь тус улсын баримталж байгаа шашны үзлийг шингээсэн хатуу гадаад бодлого нь өнөөгийн эдийн засгийн хямрал, инфляцын гол шалтгаан гэж үзэж байгаа нь тогтоогдсон байна. Ираны олон нийт яриа хэлэлцээнд буулт хийн АНУ-ын хоригийг цуцлуулж, мөн хувьсгалт гвардын санхүүжүүлдэг зэвсэгт бүлэглэлүүдийг тарааж, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, ард иргэдэд шууд эергээр нөлөөлөх сонголт хийгээсэй гэж ихэд хүсэж байна.