ОХУ-ын армийн дрон НАТО-ын гишүүн Румын улсын нутаг дэвсгэрт газардаж, хоёр хүн шархаджээ

Өнгөрөгч бямба гарагт ОХУ-ын зэвсэгт хүчний Украины өмнөд хэсэг, тэр дундаа Одесса мужийн боомтуудыг чиглэсэн агаарын цохилтын үеэр ноцтой осол гарч, НАТО-ын гишүүн Румын улсын нутаг дэвсгэрт цэргийн дрон унажээ. ОХУ-ын талаас хөөргөсөн Камиказе дрон хилийн зааг дахь дунай мөрнийг даван Румыны нутаг дэвсгэрт нэвтэрч, орон сууцны барилгыг мөргөсний улмаас хоёр иргэн хүндээр шархадсан байна. 

Дроны халдлагын уршгаар орон сууцны барилгад томоохон хэмжээний гал түймэр дэгдсэнийг шуурхай унтраасан бөгөөд бэртэж гэмтсэн иргэдийг яаралтай эмнэлэгт хүргэсэн талаар Румын улсын засгийн газраас мэдэгджээ. Уг үйл явдал нь Украин дахь дайн НАТО-ын хилийн шугамыг давж, тус эвслийн гишүүн улсын иргэдийн амь насанд бодитоор халдсан ээлжит тохиолдол болсон байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Румын улсын гадаад хэргийн яамнаас ОХУ-ын элчин сайдыг яаралтай дуудаж, НАТО-ын гишүүн улсын агаарын орон зайд нь халдсан үйлдэлдээ албан ёсны тайлбар өгөхийг шаарджээ. Бухарестын зүгээс  уг явдлыг олон улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд дроны халдлагын хариуцлагыг Москва бүрэн хүлээх ёстойг хатуу анхааруулсан байна. Харин НАТО-ын удирдлагууд болон европын холбооноос уг хэргийг эрс зэмлэн буруутгаж, умард атлантын далай дамнасан цэргийн эвслийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг хамгаалах, агаарын довтолгооноос хамгаалах системийг яаралтай шинэчлэхээ мэдэгджээ. 

Үүнтэй холбогдуулан бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  уг хэргийн талаар дөнгөж сонссон бөгөөд ямар дрон болохыг мэдэхгүй, тус улсын арми Румыны газар нутагт цохилт өгөх ямар ч төлөвлөгөө байхгүй хэмээн хариуцлагаас татгалзсан байр суурь илэрхийлжээ. 

Тэгвэл Румын улсын засгийн газраас ОХУ-ын шууд заналхийлэл нүүр тулан ирсэн тул НАТО-ын гэрээний 4-р заалтыг идэвхжүүлэх санал дэвшүүлж, удирдлагын түвшинд шаардлагаа хүргүүлжээ. Энэхүү заалт нь цэргийн эвслийн аль нэг гишүүн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюул заналхийлсэн тохиолдолд НАТО-ын бүх 32 гишүүн улс яаралтай хуралдаж, хамтын хариу арга хэмжээг зөвлөлддөг аж. Польш, Литва зэрэг зүүн европын орнууд Румын улсын уг санаачилгыг бүрэн дэмжиж, оросын пуужин болон дронууд НАТО-ын агаарын орон зайд нэвтэрсэн даруйд шууд устгаж байх тушаалыг цэргүүдэд өгөхийг уриалжээ.