“Чихрээс үнэтэй дурсамж” үйл ажиллагаа 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Хэдийгээр томчууд хүүхдийн эрхийг бүрэн хангахгүй, бүгдийг тэгш боловсролд хамруулж, эрүүл, аюулгүй орчинд амьдруулж чадахгүй байгаа ч зарим цөөхөн байгууллага, хамт олон энэ баярын өдөр хүүхдүүдэд дурсамж бүтээмж, боломж олгож байна. Алслагдсан дүүрэг, хороонд амьдарч буй хүүхдүүдэд зориулан “Лантуун дохио” ТББ “Чихрээс үнэтэй дурсамж”  үйл ажиллагааг 8 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил уг үйл ажиллагаагаар мянга гаруй хүүхдийг баярлуулжээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор өнөөдөр ид шидийн орон төв дээр “Чихрээс үнэтэй дурсамж” хөтөлбөрт арга хэмжээ 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь алслагдсан дүүрэг, хороонд амьдарч буй хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэйгээр эрхээ эдлэх боломж олгодог онцлогтой бөгөөд энэ жилийн хувьд мянга гаруй хүүхдийг баярлуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ хүүхдүүдэд зөвхөн урлаг соёлын тоглолт үзүүлээд зогсохгүй тэдэнд тохирсон сургалт, хөтөлбөрүүдийг арга хэмжээндээ багтаасан байна. Үүнээс гадна жил ирэх тусам “Чихрээс үнэтэй дурсамж” арга хэмжээнд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгж, иргэдийн тоо улам нэмэгдэж байгаа төдийгүй цаашид ч энэ чиглэлийн үйл ажиллагааг нээлттэйгээр дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан юм. “Чихрээс үнэтэй дурсамж” арга хэмжээний нэг онцлог нь хөдөлмөрийн үнэ цэн, түүний үр шимийг хүүхдүүдэд таниулдагаараа ихээхэн онцлогтой. Тухайлбал хүүхдүүд арга хэмжээнд хүрэлцэн ирж, өртөөчилсөн сургалт болон хөтөлбөрт хамрагдан зоос цуглуулах юм. Ингэснээр тэд өөрт хэрэгтэй зүйлсийг зоосоор солин авах боломжтой юм байна.Түүнчлэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн зүгээс сэтгэгдэл өндөр байсан бөгөөд өөрт тохирсон сургалт, хөтөлбөрт хамрагдах нь ихэд сонирхолтой байна гэдгээ илэрхийлж байсан юм. Цаашлаад бүх нийтийн баяр ёслолын үеэр тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлж, дурсамж бүтээлцдэг ах, эгч нартаа маш их баярладаг гэдгээ хэллээ.“Чихрээс үнэтэй дурсамж” арга хэмжээ нь энэ жилийн хувьд мянга гаруй хүүхдийг баярлуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс хүүхэд бүрийн эрхийг хамгаалах хүрээнд цаашид төр болоод хувийн хэвшил, иргэд гээд хүн болгоны оролцоо нэн чухал гэдгийг уриалж байсан юм.