Нийслэлийн хэмжээнд таглаж, бөглөөгүй 500 гаруй нүхэн цооног, муу усны болон траншейны нүх байна

Хүүхдийн баярын инээд хөөрийн цаана бяцхан үрсийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн аюултай орчин хаа сайгүй таарч байгааг сүүлийн өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчид цахим орчинд маш ихээр хөндөж байгаа. Ямар ч хамгаалалт тавилгүйгээр ухаад орхисон нүх, задгай цооног, стандартын бус тоглоомын талбай зэрэг “амьд хавх” хүүхдүүдийг хүрээлж байна. Манай улсын хэмжээнд гэмтэж, бэртсэн гурван хүн тутмын нэг нь 0-15 насны хүүхэд байгаа юм. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд 500 гаруй бөглөөгүй нүхэн цооног, муу усны болон траншейны нүх байсаар байна. Үүн дээр нэмэгдээд ил цахилгааны утас, хамгаалалтгүй барилгын талбай, эвдэрсэн явган хүний зам зэрэг нь нийслэл хүүхдэд хэр ээлгүй байгааг харуулж байгаа юм. Хүүхдүүд чөлөөт цагаа аюулгүй өнгөрүүлэх, сургууль цэцэрлэг рүүгээ эрсдэлгүй зорчих энгийн нөхцөл ч бүрэн хангагдахгүй хэвээр байна. Иймд хүүхдийн эрхийн тухай ярихаас гадна тэднийг осол, эрсдэлээс хамгаалсан аюулгүй орчныг бүрдүүлэх нь зөвхөн хотын удирдлага, холбогдох байгууллага үүрэг бус, харин аан, эцэг эх, асран хамгаалагч нэг бүрийн үүрэг гэдгийг иргэд хэлж байгаа юм.

Хүүхдийн баярыг тэмдэглэхээс илүүтэй хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй орчныг бий болгож чадсан эсэх нь өнөөдөр илүү чухал асуудал болоод байна. Учир нь хүүхдийн эрх зөвхөн тунхаглал, уриа лоозонгоор хэмжигдэхгүй, харин аюулгүй орчинд амьдрах бодит нөхцөлөөр хэмжигдэх учиртай юм.