Эль-Ниньо буюу номхон далайн усны гадаргын температур хэт халах үзэгдэлтэй холбоотойгоор агаарын халуун урсгал бүрэн идэвхжиж эхэлсэн талаар НҮБ-ын дэргэдэх дэлхийн цаг уурын байгууллагаас мэдэгдлээ. Энэхүү үзэгдэл 6-8 сарын хооронд туйлдаа хүрч, дэлхий даяар агаарын температурыг түүхэн дээд цэгт нь хүргэх магадлал 80 хувьтай байгааг цаг уурчид анхааруулжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш "Эль-Ниньо бол дэлхийн дулаарлын гал дээр тос нэмж байгаа байгалийн гамшигт үзэгдэл юм" хэмээн тодорхойлж, хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа уг аюулын эсрэг дэлхий нийтээр яаралтай бэлтгэлээ хангахыг уриаллаа. Эль-Ниньо үзэгдлийн нөлөөлөл ирэх 11-р сар хүртэл үргэлжлэх магадлал 90 хувьтай гэж үзэж байна.
Энэ зун Австрали, Индонез, төв Америк болон Өмнөд Азийн орнуудад урьд өмнө үзэгдээгүй аюултай хуурайшилт, хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна. Ийнхүү нэг хэсэгт нь ган гачиг нүүрлэх бол өмнөд америкийн улс орнууд болон АНУ-ын баруун эрэг хавьд асар их хэмжээний хур тунадас орж, сүйрлийн гамшиг дагуулах үер буух төлөвтэй байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дэлхийн какао, кофе, чихрийн нишингэ, будааны тариалалтын хэмжээ буурах эрсдэлтэй тул хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөх эрсдэлтэй байна. Түүнчлэн хэт халалт, усны бохирдлоос шалтгаалан шумуулаар дамжих гэдэсний болоод бусад халдварт өвчний тархалт дэлхий даяар эрс нэмэгдэхийг ДЭМБ-аас анхааруулж байна. НҮБ-аас улс орнуудыг хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэндийн салбартаа эрт зарлан мэдээлэх системийг яаралтай нэвтрүүлж, хохирлыг хамгийн бага түвшинд барих төлөвлөгөөг боловсруулахыг анхаарууллаа. Эль-Ниньогийн улмаас 2024 он манай гаргийн түүхэн дэх хамгийн халуун жил болж бүртгэгдсэн юм.