Уламжлалт тамхинаас "Хор хөнөөл багатай, аюулгүй" хэмээн сурталчилж байсан вэйп буюу электрон тамхи нь хүний гений бүтцийг устгаж, архаг үрэвсэл үүсгэдэг болох нь АНУ-ын өмнөд калифорнийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ. Уг тамхины шингэн халах үедээ химийн урвалд орж, улмаар хүний биед үлэмж хэмжээний хор хөнөөл учруулдаг байна.
Электрон тамхины шингэнд агуулагддаг глицерин, Пропилен Гликоль нь халах үедээ Формальдегид, Акролеин зэрэг хорт бодис болон хувирснаар ДНХ-ийн гинжин хэлхээг шууд гэмтээдэг байна. Хүний бие ДНХ-ийн алдааг өөрөө засах чадвартай байдаг ч вэйпний утаа нь энэхүү хамгаалалтын уургуудыг идэвхгүй болгож, эсийг засварлах аргагүй болгодог нь тогтоогджээ.
Мөн вэйпний утаа нь уушги болон амны хөндийн эсүүдэд молекулын түвшний дарамт үүсгэж, эсийн мутацид хүргэдэг байна. Түүнчлэн вэйп тамхи нь никотингүй шингэн ашигласан ч зөвхөн химийн суурь бодисууд халах үед л ДНХ-ийн хэлхээ тасардгийг лабоpаторийн туршилтаар баталжээ.
ДНХ-ийн код өөрчлөгдөхийг мутацид орох гэдэг. Тэгвэл үйлдвэрийн чухал зураг төсөл алдаатай байвал бүтээгдэхүүн үйлдвэрлэлт буруу явдагийн адилаар ДНХ-ийн гэмтсэн код засагдахгүй удвал эсүүд хяналтгүйгээр хуваагдаж, улмаар хорт хавдар үүсэх үндэс болдог байна.
Уг судалгаанаас гадна мөн АНУ-ын Рочестерийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар вэйпний утаагаар ердөө 3 хоног амьсгалахад л уушгинд маш хүчтэй үрэвсэл үүсэн ДНХ-ийн хэлхээ тасарч, эсүүд гэмтэж эхэлдэг нь тогтоогджээ. Мөн хүн вэйп татсанаас хойш ердөө 1-2 цагийн дараа цусан дахь үрэвслийн маркерууд болон хүчилтөрөгчийн стресс дээд цэгтээ хүрч өсдөг болох нь туршилтаар тогтоогдсон байна.