Шүлхий өвчин бүртгэгдсэн 2 аймагт 10 гаруй хоногийн хугацаанд нийт 779 толгой мал өвчилж, 77.2 хувийг нь устгалд оруулжээ

Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарснаас хойш 10 гаруй хоног өнгөрч байна. Хамгийн ноцтой  нь уг өвчин манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, вакцин нь ч нэвтрээгүй шүлхийн SAT-1 хэмээх хэв шинж юм. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий болон Ховд аймгийн гурван суманд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор холбогдох байгууллагууд хяналт, хорио цээрийн арга хэмжээг чангатгаж, өлгий хотоос гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Өнөөдрийн байдлаар шүлхий өвчин бүртгэгдсэн хоёр аймагт нийт 779 толгой мал өвчлөөд байна. Холбогдох журмын дагуу өвчилсөн малыг шууд устгах арга хэмжээ авч байгаа бөгөөд нийт өвчилсөн малын 77.2 хувийг устгалд оруулжээ. Мэргэжлийн байгууллагууд өвчний голомтыг хумих, халдварын тархалтыг зогсоох чиглэлээр Өлгий хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх тухай аймгийн засаг дарга захирамж гаргажээ.

Шүлхий өвчин нь малаас хүнд халдварладаггүй бөгөөд зөвхөн салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлдэг вирусийн гаралтай гоц халдварт өвчин юм. Үүнд үхэр, хонь, ямаа, гахай зэрэг амьтад өртөмтгий байдаг бол адуу, нохой болон хүн шүлхий өвчнөөр өвчилдөггүй байна. Шүлхийн вирус нь маш өндөр халдварлах чадвартай бөгөөд тоосонцор хэлбэрээр агаарт тархах боломжтой. Салхины чиглэлээс шалтгаалан хэдэн арван метрээс эхлээд хэдэн зуун метр, зарим тохиолдолд хэдэн километрийн зайд ч дамжин тархах эрсдэлтэй байдаг. Мөн автомашины дугуй, хүний хувцас, малын арьс, үс зэрэг халдвар дамжуулах боломжтой бүхий л замаар вирус тархах чадвартай. Түүнчлэн баян-өлгий, ховд аймагт бүртгэгдсэн шүлхийн sat-1 хэв шинж нь монгол улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шинэ хэв шинж бөгөөд түүнд зориулсан вакцин одоогоор улсын хэмжээнд байхгүй байна

Шүлхий өвчинд үхэр хамгийн ихээр өртдөг тул улсын хэмжээнд үхрийг жилд хоёр удаа дархлаажуулалтын вакцинд хамруулдаг. Энэ жилийн хувьд хоёрдугаар тунгийн вакцин сүүлийн аймгуудад хийгдэж дуусжээ. Мөн шүлхий өвчинд  бог малын хорогдол харьцангуй бага байдаг бол үхэр, сарлаг зэрэг амьтад илүү мэдрэмтгий бөгөөд хорогдол ихтэй байдаг байна.