Хүүхдийн баярын өмнөх өдөр Хөвсгөлд аймагт 2 настай хүү хашаандаа тоглож байхдаа цахилгааны ил утсанд хүрч амиа алдсан талаарх мэдээлэл нийтэд ил болоод байна. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчил, цахим болон бодит орчин дахь дарамт, цаашлаад санамсаргүй байдлаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол огт буурахгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд осол, гэмтэлд өртсөн нийт 157 мянган хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
—Судалгаагаар улсын хэмжээнд гэмтэж, бэртсэн 3 хүн тутмын нэг нь 0-15 насны хүүхэд байна. Зөвхөн зам тээврийн ослоор л гэхэд жилд дунджаар 50-70 хүүхэд амиа алдаж, 1000 гаруй хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж байна.
— Дулааны улиралд буюу ердөө 3 сарын хугацаанд гол усанд эндсэн хүүхдийн тоо 20-30-д хүрдэг бол өвлийн улиралд гал түймэр, угаарын хийн хордлого болон халуун усанд түлэгдэх зэргээр ахуйн ослоор гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн хүүхдийн тоо хэдэн зуугаар тоологддог байна.
—Тэгвэл хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн тоо ч буурахгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар тогтмол 1600-2000 хүүхэд ямар нэг байдлаар гэмт хэргийн хохирогч болж байна.
—Үүний дийлэнх нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл байна. Энэ төрлийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь хүүхдийн хамгийн сайн мэдэх, итгэдэг орчинд буюу гэр бүл төрөл садан хөршийн хүрээнд үйлдэгдсэн хэргүүд байгаа юм.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дөнгөж өмнөхөн буюу 5-р сарын 31-нд Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд хашаандаа тоглож байгаад салхинд унасан шонгийн модны цахилгааны утсанд хүрсний улмаас тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарлаа. Энэхүү эмгэнэлт явдал нь зөвхөн нэг гэр бүл, аймагт тохиолдсон осол бус, улс орон даяар цахилгааны аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай байгааг сануулсан ноцтой дохио болж байна. Энэ төрлийн хэрэг өмнө ч хэд хэдэн удаа гарч, цөөнгүй хүүхдийн амь эрсэдсэн гашуун туршлага бидэнд бий. Гэвч өнөө ч дахин давтагдсаар, хүний хөдөлгөөн хамгийн их хотын төвд ч цахилгааны утас хог шиг хөглөрч байна.
Угтаа бол ийм аюултай газруудын байршлыг тогтоож, эрсдэлийг устган, иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг нь нийслэл, дүүрэг болон анхан шатны нэгж болох хорооны засаг дарга, зохион байгуулагчдад шууд хамааралтай. Бид энэ асуудлаар тухайн орчмыг хариуцдаг 19-р хорооны засаг даргаас тодруулга авахаар очиход, тэрээр тайлбар өгөхөөс эрс татгалзаж, ундуурхан угтсан бөгөөд асуудлыг өөрөөсөө зайлуулж, өөр байгууллага руу чихэхийг хичээж байсан юм.
Эрх бүхий албан тушаалтнууд энэ мэтчилэн хариуцлагаас зугтаж байх хооронд хотод ч, хөдөөд ч хүүхдийн амь эрсэдсээр байна. Угтаа хүүхэд гэмтэж, бэртэж буй дийлэнх тохиолдол нь урьдчилан сэргийлэх боломжтой нөхцөл байдал байдгыг мэргэжилтнүүд бидэнд удаа дараа сануулсаар буй.