Өчигдөр сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар тэдний төлөөлөл тайван жагсаал зохион байгууллаа. Тэдний зүгээс сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмээс тусгаарлагдаж, эрх нь зөрчигдөж байгаа асуудалтай холбоотой 5 шаардлага тавьж байгаа юм. Хэдийгээр 2023 онд тэд эрхийн асуудлыг хөндсөний дагуу зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч одоог хүртэл бодит үр дүнд хүрээгүй гэж хэлж байна.
Улсын хэмжээнд 12 мянга гаруй сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй иргэн байгаагаас нийслэл хотод 3 мянга нь оршин суудаг гэсэн албан бус тоо байна. Ингэхдээ тэдгээр иргэдийн эрх ашиг энд тэндгүй зөрчигдөж, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх гээд үндсэн хуулиар батлагдсан суурь хэрэгцээ нь ч хангагдаггүй байна. Нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн хамгааллын тогтолцоо өндөр ач холбогдолтой боловч төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдлаас үүдэн өдөр тутмын амьдралдаа ихээхэн хүндрэлтэй тулгардаг гэдгийг тэдний төлөөлөл хэллээ. Үүнтэй холбоотойгоор удаа дараа холбогдох байгууллагуудад хандсан ч өнөөг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Жишээлбэл 2023 онд тайван жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлж байсан бөгөөд засгийн газрын хэрэг эрхлэх газраас хариу ирүүлж байжээ. Гэсэн хэдий ч нөхцөл байдал одоог хүртэл дээрдэх бус дордсон тул өнөөдөр дахин тайван жагсаал зохион байгууллаа. Тэдний зүгээс энэ удаад 5 шаардлага хүргүүлж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд нэн яаралтай бодитой арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд мэдээллээс хоцорч нийгмээс тусгаарлагдахаас өөр аргагүй болж байгаа гэдгийг тэдний төлөөлөл онцоллоо.
Түүнчлэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 14 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 12 хувь нь сонсголын асуудалтай гэсэн албан бус тоо байдаг. Гэвч сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын байгууллага цор ганц, тэдэнд заах багшийн хүрэлцээ ч дутмагаас үүдэн боловсрол эзэмшихэд улам л хүндрэлтэй болж байгаа нь ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэх ч боломжгүй болох магадлалтай гэдгийг асран хамгаалагчид хэлж байна. Жишээлбэл унших, бичих чадварыг бүрэн эзэмшиж чадаагүйн улмаас нийгмийн харилцаанд оролцоход хүртэл бэрхшээл гарч, насанд хүрсэн ч ганцаараа биеэ даан амьдрах боломжгүй гэдгийг онцоллоо.
Угтаа бол сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд зохих ажил, хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой ч хүртээмжийн асуудал нэн тулгамдаж байна. Цаашлаад боловсролын дутагдалтай байдлаас үүдэн нийгмээс тусгаарлагдаж байгаа тэдгээр хүүхдүүдийн ирээдүй тодорхойгүй байдалд ороод байгаа юм. Манай улсын хувьд эдгээр иргэдийн албан тоо одоо хүртэл зөрүүтэй байдаг нь нөхцөл байдал ямар байгаагийн илрэл болоод байна.