НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн санал хураалтад ХБНГУ ялагдаж, 5 улс шинээр сонгогдлоо

Лхагва гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суудал горилогчдын өрсөлдөөн хэвлэлийнхний анхаарлыг татлаа. Ерөнхий ассамблейн санал хураалтаар Австри, Португал, Киргиз тэргүүтэй 5 улс аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсон бол Европ тивийн тэргүүлэх эдийн засагтай Герман улс санал авч чадалгүй хасагдсан байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохын тулд Ерөнхий ассамблейн 190 гаруй гишүүний гуравны хоёрын дэмжлэгийг авах ёстой аж. Баруун Европ болон бүс нутгийн орнуудыг төлөөлөх хоёр суудлын төлөө Австри, Португал, Герман гэсэн гурван улс хүчтэй өрсөлдсөн юм. Санал хураалтаар Португал 134 санал, Австри 131 санал авч шалгарсан бол, Герман улс  104 санал авснаар босго оноондоо хүрч чадалгүй сүүл мушгижээ.

Энэ удаагийн санал хураалтын өөр нэгэн онцлох үйл явдал нь Ази-Номхон далайн бүлгийн орнуудын дунд өрнөлөө. Киргиз болон Филиппин улсуудын дунд дөрвөн үе шаттай ширүүн санал хураалт явуулсны эцэст Киргиз улс 142 саналаар түүхэндээ анх удаа аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Харин Зимбабве болон Тринидад ба Тобаго улсууд өөрсдийн бүлгээсээ өрсөлдөгчгүйгээр шууд сонгогдсон байна. Герман улс НҮБ-ын төсвийг хамгийн ихээр бүрдүүлдэг хоёр дахь том хөрөнгө оруулагч бөгөөд өмнө нь тус зөвлөлд зургаан удаа сонгогдон ажиллаж байсан юм. Герман улс түүхэндээ анх удаа ийнхүү санал хураалтад бүдэрсэн шалтгааныг шинжээчид дараах хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байна. Герман улс Украиныг тууштай дэмжиж ирсэн тул ОХУ-ын зүгээс Германы эсрэг чиглэсэн лоббиг хөгжиж байгаа орнуудын дунд идэвхтэй өрнүүлсэн. Мөн Германы Засгийн газар Израил улсыг тууштай хамгаалж, Газын зурвасын мөргөлдөөнтэй холбоотой баримталж буй байр суурь нь хөгжиж байгаа орнуудын дэмжлэгийг алдахад хүргэжээ. Үүнээс гадна Герман улс өрсөлдөгч Австри, Португалтай харьцуулахад сонгуулийн сурталчилгаа, дипломат уулзалтуудаа харьцангуй хожуу эхлүүлсэн нь сул тал болсон гэж үзэж байна. Эдгээр шинээр сонгогдсон таван улс нь 2027 oны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар үүрэгт ажлаа хүлээн авах юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй төдийгүй тогтоолд хориг тавих эрхтэй байнгын 5 гишүүн АНУ, Их Британи, Франц, ОХУ, Хятад болон санал хураалтаар сэлгэгддэг байнгын бус 10 гишүүнээс бүрддэг бүтэцтэй юм.