Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганы нээлтийн үеэр Украины арми ОХУ-ын цэргийн объектуудад агаарын цохилт өглөө

Өнгөрөгч Лхагва гарагт ОХУ-ын эдийн засгийн хамгийн том арга хэмжээ болох Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум нээлтээ хийжээ. Харин нээлтийн өдөр Украины зэвсэгт хүчин Санкт-Петербург хотын эрчим хүч болон цэргийн дэд бүтцийг онилон алсын тусгалтай дроноор довтолсон байна.

Кремлийн зүгээс Барууны хориг арга хэмжээг үл харгалзан эдийн засаг нь тогтвортой өсөж буйг дэлхий нийтэд харуулахыг зорьсон ч тус дроны халдлага чуулганы уур амьсгалыг бүдгэрүүлжээ. Украины дронууд дайны фронтын шугамаас 1000 гаруй километр зайд орших Санкт-Петербург хотын газрын тосны терминал руу довтолж, үлэмж хэмжээний хохирол учруулжээ.

Тус терминал нь Оросын баруун бүсийн эрчим хүчний экспортын гол суваг байна. Түүнчлэн Оросын Балтийн тэнгисийн флотын пуужин чиглүүлэгч "Бойкий"  хөлөг онгоц дроны цохилтод өртсөн тухай ч бас мэдээлэл гарсан байна.

Аюулгүй байдлын улмаас "Пулково" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг 5 цаг гаруйн хугацаанд зогссоны улмаас “Оросын Давос” гэгддэг чуулга уулзалтад оролцох гадаадын зочид төлөөлөгчдийн нислэгүүд саатсан байна.

Мөн Санкт-Петербург хотын гар утасны интернэтийг түр хугацаанд хязгаарласан байна. Чуулганд барууны орнуудын албаны хүмүүс оролцоогүй ч Танзани, Узбекистаны Ерөнхийлөгчид болон АНУ-ын консерватив улс төр судлаач Кэндис Оуэнс зэрэг төлөөлөгчид хүрэлцэн иржээ.