Скүүтер, мопед зэрэг 2 дугуйт цахилгаан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд хамруулна

Түрээсийн скүүтер, мопед, цахилгаан дугуйн хэрэглээ өсөхийн хэрээр явган зорчигч мөргүүлэх, осол аваар гарах тохиолдол нэмэгдсээр байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд энэ төрлийн тээврийн хэрэгслээс шалтгаалан 2 мянга 800 орчим осол бүртгэгджээ. Тиймээс УИХ-аар хэлэлцэж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гол заалт нь цахилгаан скүүтер болон бусад 2  дугуйт цахилгаан тээврийн хэрэгслийн зохицуулалт руу чиглэж байгаа юм.

Хуулийн төслийн зарим зүйл заалтаас дурдвал,

  • Нийслэлд өдөрт дунджаар 37 мянган иргэн скүүтер, мопед, цахилгаан дугуй ашиглан замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь өнгөрсөн оноос 2 дахин өссөн үзүүлэлт юм. Иймд скүүтер, мопед зэрэг 2 дугуйт цахилгаан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд хамруулах юм байна. Ингэснээр осол, зөрчил гаргасан тохиолдолд эзэмшигчийг тогтоож, хариуцлага тооцох боломжтой болох юм.
  • Түүнчлэн скүүтерийг зөвхөн 16 нас хүрсэн иргэн жолоодох бөгөөд хэрэв насны хязгаарыг зөрчсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч болон холбогдох этгээдэд хариуцлага тооцох юм байна.
  • Цахилгаан скүүтерийн дээд хурд 25 км/цаг байна. Үүнээс өндөр хүчин чадалтай хэрэгсэлд өөр төрлийн буюу 2 дугуйт тээврийн хэрэгслийн ангилалд тооцон, зохих хариуцлага тооцох байна.
  • Мөн 2 дугуйт цахилгаан тээврийн хэрэгслээр дугуйн зам эсвэл авто замын баруун захын эгнээгээр зорчихоор хуульчилж байгаа юм байна. Харин тус замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтер, мопед, цахилгаан дугуйн хэрэглээ эрс нэмэгдсэн нь шинэ төрлийн тээврийн хэрэгслийн зохицуулалтыг хуульчлах шаардлагыг бий болгоод байгаа юм. Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр өдөрт нийслэлийн хүн амын 2.5 хувь нь скүүтер, мопед, цахилгаан дугуй ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Гэвч хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол, гэмтлийн тоо ч огцом өсжээ. Тухайлбал, хоёр дугуйт цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 2022 онд 50 байсан бол 2025 онд 2792 болж, 4 жилийн дотор 55 дахин өссөн үзүүлэлт гарсан байна. Харин энэ оны 4-р сарын 10-аас 19-ний хооронд буюу ердөө 10 хоногийн хугацаанд л гэхэд энэ төрлийн тээврийн хэрэгслээс шалтгаалан 102 осол, гэмтэл бүртгэгдсэний 42 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байжээ. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд цахилгаан скүүтерийг мопедтой адилтган ангилж, унадаг дугуйн зам болон авто замын баруун захын хэсгээр зорчуулах, бүртгэлтэй болгох, хэрэглэгчдийн хариуцлагыг тодорхой болгох    зохицуулалтыг тусгажээ.

Гэвч өдөр бүр 37 мянга орчим иргэн ашиглаж байгаа тээврийн хэрэгслийг хатуу зохицуулахын өмнө зориулалтын зам, дэд бүтцээ шийдэх ёстой гэсэн байр суурийг зарим УИХ-ын гишүүн хэлж байна. Учир нь дугуй, скүүтерийн зам хангалтгүй нөхцөлд хэрэглэгчдийг авто зам руу чиглүүлэх нь аюулгүй байдлын шинэ эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзжээ.

Иймд УИХ-аар хэлэлцэж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь зөвхөн скүүтерийг хязгаарлах тухай биш, харин сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдсэн хэрэглээг дүрэм, хариуцлага, дэд бүтэцтэй нь уялдуулан зохицуулах эхний том алхам болж байгаа юм. Гэвч хууль батлагдсанаар асуудал шийдэгдэхгүй бөгөөд 37 мянган хэрэглэгчийн аюулгүй зорчих орчныг хэрхэн бүрдүүлэх нь дараагийн сорилт хэвээр үлдэж байна. Тэгвэл тус хууль батлагдсаны дараа дугуй, скүүтерийн зориулалтын замыг нэмэгдүүлэх, бүртгэлийн тогтолцоог бий болгох, хэрэглэгчдийн хариуцлагыг сайжруулах зэрэг асуудал хэрхэн шийдэгдэх нь замаар хуулийн бодит үр дүнг тодорхойлох боломжтой.