ЗГ: Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах 99-105 хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах 99-105 хуулийн өөрчлөлтийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр боллоо. Тус хуулийн төсөл нь зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах, төрийн оролцоог бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, татварын тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөлд ААН-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг 10 жил, энгийн зөвшөөрлийн хугацааг 5 жил болгон уртасгахаар тусгаж, энгийн зөвшөөрлийн хүсэлтэд 22 хоногийн дотор хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрөл олгосонд тооцож, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдэх юм. Мөн бизнес эрхлэгчийг татвар болон нийгмийн даатгалын өртэй гэх үндэслэлээр зөвшөөрөл олгохоос татгалздаг зохицуулалтыг мөн хүчингүй болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн төрийн хүнд суртлыг бууруулах хүрээнд 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлж, 30 гаруй зөвшөөрлийг бүрэн цуцлахаар болж, бүртгэл, гэрчилгээ нэрээр хэрэгжиж байсан 146 төрлийн зөвшөөрлийн зохицуулалтыг цэгцлэхээр тусгасан байна.

Эдийн засгийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалтад 20 хүртэл жилийн хугацаатай татварын тогтворжилт олгох, хөрөнгө оруулагчдын маргааныг арбитр болон эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх боломж бүрдүүлэхээр дээрх хуулийн төсөлд тусгажээ. Засгийн газрын үзэж буйгаар уг өөрчлөлтүүд хэрэгжсэнээр бизнес эрхлэхэд тулгардаг захиргааны дарамт буурч, төрийн үйлчилгээний чанар сайжран, хөрөнгө оруулалт, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэх аж.

Мөн Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүч, зай хураагуур, ногоон устөрөгч, дата төв, хиймэл оюуны зориулалттай мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн импортын гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр төлөвлөжээ. Үүний сацуу төрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюунд суурилсан, хүний оролцоогүй сонгон шалгаруулалтын системээр зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр байгаа гэдгийг хууль санаачлагчид онцолж байна.