2023 онд Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд хүчтэй үер бууж, дөрвөн хүний амь эрсдэн, айл өрхийн хашаа, байшин, автомашинууд үерт автаж их хэмжээний хохирол учирсан. Гэвч 3 жил гаруй хугацаа өнгөрсөн ч оршин суугчдын хэлж буйгаар үерийн эрсдэлийг бүрэн бууруулах дорвитой арга хэмжээ аваагүй хэвээр байна. Иймээс иргэд дахин үерт автаж, амь нас, эд хөрөнгөөр хохирох эрсдэл хэвээр байгаад бухимдлаа илэрхийллээ.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад, тус хэсгийн үерийн хамгаалалтын байгууламжийг сэргээн засварлах, мөн дээд хэсэгт нь шаталсан байдлаар гурван ус хуримтлуулах сан байгуулах зураг төслийг боловсруулан тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн гэж тайлбарлаж байна. Тухайлбал, ус хуримтлуулах сан байгуулж, үерт өртөх өндөр эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, үерийн далан сувагт хуримтлагдсан хог, шороог цэвэрлэх зэрэг арга хэмжээг авсан гэдгийг онцоллоо. Тус газар нь Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг бөгөөд үерийн хамгаалалтын байгууламжийг бүрэн шинэчлэх, засварлах ажилд 2026 оны нийслэлийн төсөвт 6.5 тэрбум төгрөг тусгагдсан байна. Гэсэн хэдий ч уг ажил хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа талаар албаныхан мэдээллээ.
“Геодези, усны барилга байгууламжийн газар”-аас мэдээлснээр нийслэл хотод үерийн эсрэг энэ онд хэрэгжүүлж буй ажлуудын гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж байна. Зөвхөн Дарь-Эх, Ганц худгийн ам орчим бус, нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 1000 гаруй айл өрх байна. Эдгээр айл өрхүүд нь үерийн ам, суваг шуудуу, ус зайлуулах байгууламжийн ойролцоо байрладаг бөгөөд хүчтэй усархаг борооны үед эрсдэлд өртөх магадлал өндөр хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Иргэдийн зүгээс үерийн хамгаалалтын ажлыг бодит үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. Иймд мэргэжлийн байгууллагууд болон төр, засгийн зүгээс үерийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг эрчимжүүлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах ажлыг бодит үр дүнд хүргэх шаардлага тулгарч байна