2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ спортын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй тэмцээн гэгдэж байна. Учир нь АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулагдаж байгаа тэмцээний тасалбар, зочид буудал, дотоодын тээврийн үнэ урьд өмнө байгаагүй түвшинд хүрч өссөн нь хөл бөмбөг сонирхогч, хорхойтнуудыг бухимдуулж, тэдэнд санхүүгийн том дарамт учруулж байна гэж мэдээллээ.
Уг үнийн огцом өсөлтийг олон улсын хөлбөмбөгийн холбооны шинээр нэвтрүүлсэн борлуулалтын систем болон зохион байгуулагч хотуудын аялал жуулчлалын салбарын хэт хөөсрөлттэй холбон тайлбарлаж байна. Фифа түүхэндээ анх удаа эрэлтээс шалтгаалж тасалбарын үнэ бодит хугацаанд өөрчлөгддөг системийг ашиглаж эхэлсэн. цаашилбал эрэлт ихсэх тусам тасалбарын албан ёсны үнэ автоматаар өсөж байгаа бөгөөд хэсгийн шатны энгийн тоглолтын тасалбар дунджаар 200 ам.доллароос эхэлж байна. Харин Нью-Жерси мужид болох шувтаргын тоглолтын хамгийн хямд тасалбарын үнийг цахим сайтуудад хэдийн 4000 ам.долларыг давжээ. тоглолт болох 16 хотын зочид буудлууд үнээ ердийн үеэс 3-5 дахин, зарим байршилд бүр 300 гаруй хувиар нэмсэн байна. Жишээ нь, Мехико хотын нэгэн зочид буудал нээлтийн тоглолтын өдрүүдэд үнээ ердийнхөөсөө 2300 хувиар нэмж, нэг хоногийг нь 3,882 ам.доллароор үнэлсэн тохиолдол гарчээ. Үнийн хиймэл хөөсрөлт болон тасалбар борлуулалтын далд луйврын шинжтэй үйлдлүүд гарсан тул АНУ-ын Нью-Йорк болон Нью-Жерси мужийн ерөнхий прокуроруудын газраас олон улсын хөл бөмбөгийн холбооны эсрэг албан ёсны мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Тэмцээн хойд америкийн гурван том улс дамнан зохион байгуулагдаж байгаа учраас шигшээ багуудаа дагаж улс болон хот хооронд аялах хөгжөөн дэмжигчдийн дотоодын нислэгийн тийз, тээврийн зардал өмнөх ДАШТ-үүдээс хэд дахин өндөр тусаж байгаа аж. Шинжээчид хоёр хөгжөөн дэмжигч өөрийн улсын багийг дагаж шувтаргын тоглолт хүртэл дэмжихэд зөвхөн тасалбарт 31,000 ам.доллар, нийт аяллын зардалд дунджаар 62,000 ам.доллар зарцуулах шаардлагатай гэж тооцоолжээ. Энэ нь 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг жирийн дэмжигчдэд олдоход бэрх "Баячуудын премиум бүтээгдэхүүн" болгож байна гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байна.