Өнгөрөгч пүрэв гарагт Дани улсын эрх баригч нам түүхэндээ анх удаа эмэгтэйчүүд давамгайлсан шинэ засгийн газраа танилцуулжээ. Тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, Копенхаген хотын хааны ордны гадна шинэ танхимын бүрэлдэхүүнээ зарласан байна.
Өнгөрсөн 3-р сард болсон Дани улсын парламентын сонгуулиар аль ч нам олонхын суудал авч чадаагүй юм. Тиймээс эвслийн засгийн газар бүрдүүлэх хэлэлцээ эхэлсэн ч өнгөрсөн 69 хоногийн хугацаанд улс төрийн намууд тохиролцоонд хүрч чадаагүй байсан юм. Харин Фредериксэний тэргүүлж буй "Социал демократ" нам, "Ногоон" нам болон "Социал либерал" намууд нэгдэж, цөөнхийн эвслийн засгийн газрыг байгуулж чадсанаа пүрэв гарагт мэдэгджээ.
Данийн ерөнхий сайд Метте Фредериксен "олон улсын түгшүүртэй, геополитикийн дарамт ихтэй ийм цаг үед бид ард түмэндээ маш өгөөжтэй, өөдрөг ирээдүйн үндсийг тавихаа амлаж байна. манай танхимын олонх нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд энэ нь Дани улс тэгш эрхийг хэрхэн бодитоор хэрэгжүүлж буйн илэрхийлэл юм." хэмээн онцолсон байна.
Тус улсын шинэ ЗГ-ын бүрэлдэхүүн дэх уур амьсгал, эрчим хүчний сайдаар "Социал либерал" намын гишүүн Самира Нава гэгч тодорсон байна. Самира Нава нь Данийн түүхэнд үндэстний цөөнх, цагаач гаралтай эмэгтэй сайд болж байгаа анхны тохиолдол болжээ. Харин Данийн гадаад хэрэг, сангийн яам, батлан хамгаалах зэрэг стратегийн гол яамдыг эрэгтэй улс төрчид тэргүүлэхээр болсон байна.